“Хэвийн амьдралдаа шилжихэд дэлхий нийтийн хамтын зүтгэл чухал”

431

Халдварт өвчний тэргүүлэх шинжээч, Цагаан ордны коронавирустай тэмцэх албаны гишүүн, доктор Энтони Фаучигаас америкчуудын амьдралыг хэрхэн төсөөлж байгаа, бид цаашид юу хийх ёстой талаар “Times of India” сайтын сэтгүүлч Элизабет Розентал ярилцсаныг орчуулан хүргэж байна.
 
-Жо Байденийн Засгийн газар эхний өдрөө хийх ёстой 2-3 зүйлийг нэрлэж болох уу? 
-Нью-Йорк болон бусад том хот халдварын цохилтод өртөж олон зүйлийг сурч, сурсан зүйлээ бодит ажил хэрэг болгож чадсан. Харин бусад хот, мужийн хувьд  ямар нэгэн сургамж аваагүй мэт санагдаж байна. Үндсэн хийх ёстой зүйл нь бүх нийтийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх юм. Энэ талаар тодорхой хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна. Учир нь би хаана ч очсон маскаа зүүх, зайгаа баримтлах, олон хүнтэй газраар явахаас зайлсхийх, гадаа дасгал хийхээр болбол цар хүрээгээ анзаарах, гараа тогтмол угаах, хотоосоо гарахгүй байх гэсэн энгийн зөвлөмжийг ярьдаг. Харин одоо бизнес болон эдийн засгаа сэргээхийн тулд нэлээд хэдэн энгийн зүйлийг хийх хэрэгтэй. Гэхдээ харамсалтай нь та бүхний харж байгаачлан үүний хариуцлагыг үүрнэ гэдэг огт өөр зүйл. Тогтвортой удирдлагаар бидэнд нүүрлэсэн халдварын урсгалыг намжааж чадна.
 
-Таны бодлоор бүх нийтээрээ маск зүүх үндэсний бодлого бидэнд хэрэгтэй юу. Одоогийн засаг захиргаа COVID-19 халдварыг дарахдаа юун дээр алдсан юм бол? 
-Миний бодлоор дэлхий даяараа маск зүүх хэрэгтэй. Үүнийг хотын дарга, орон нутгийн эрх баригчид тухайн бүс нутагтаа хэрэгжүүлж байж бид зорьсондоо хүрнэ. Гэхдээ энэ асуудлыг бид зөвхөн үндэсний хэмжээнд авч үзэх нь зохимжгүй. Маш хатуу зөвлөмж гаргахаас зайлсхийж байгаа нэг шалтгаан нь бүх нийтийн хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг бий болгоод дуртай, дургүй мөрдүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Хүмүүсийг хэт их шахаж шаардах нь сөрөг нөлөөнд хүргэж магадгүй.
 
-Олон орон иргэдээ маск зүүлгэхийн тулд нэлээд бэрхшээлтэй тулгарч байна? 
-Олон хүн, би ч дуугүй өнгөрч байгаа шалтгаан нь энэ. Хэрэв чи маск зүүлгэхийг хүсч байгаа бол энэ нь шаардаж байна гэсэн үг. Гэхдээ яг одоо манай улсад үүсээд буй нөхцөлд бид хүмүүсийг ятгаж чадна гэдэгтээ итгэсэн. Чамд л гэж хэлэхэд Элизабет, зарим муж сүйрлийн ирмэг дээр байгаа нь тодорхой гэж би чих дөжиртөл нь ярьсан. Гэтэл зарим хүн худал мэдээлэл гэж ярьсаар л байгаа. Үүнийг даван туулна гэдэг хэцүү зүйл. Одоо хүртэл хүмүүс нүдээр харсан зүйлдээ итгэхгүй, бодит биш зүйл хэмээн өөрийнхөөрөө зүтгэж байна.
 
-Хүмүүсийн ихэнх нь энэ бүхнийг зогсоогоосой гэж бодож байгаа байх. Энэ дүрмийг зогсоох уу эсвэл үргэлжлүүлэх үү. Энэ нөхцөлд хэрхэн амьдрах ёстой вэ эхэлж хариулаарай. “Би өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж байна”...Гэхдээ би “Аюулгүй, болгоомжтой байх нь чухал. Одоо бүх зүйл аюулгүй биш байна” гэсэн  захирамжийг таниас сонсох дуртай л даа? 
-Би энэ асуултад хариулахдаа сэтгэл шимширч байна. Учир нь шинэ бизнесээ эхлүүлж байсан компанийн эздэд үнэхээр их санаа зовниж байгаа. Тэдэнд бизнес эхлүүлэх зайлшгүй шаардлага байсан нь мэдээж. Тухайн хүн амьдралаа залгуулахын тулд хүнсний дэлгүүр эсвэл супермаркет шинээр нээсэн. Харин хөл хорионы үед ажиллах зайлшгүй шаардлагагүй хувцасны дэлгүүр, их дэлгүүр шинээр нээсэн хүмүүс байгааг чи мэднэ.
 
-Өвлийн улирал ирлээ. Зоогийн газар эсвэл гадаа гарахдаа зайгаа баримталбал халдвараас сэргийлж чадна гэж та ярьсан. Гэхдээ маск зүүхгүй байсан ч аюулгүй гэж ойлгож болох уу? 
-Халуун орчинд эргэн тойронд вирус байгаа ч гэсэн зоогийн газарт маск зүүх нь надад тухтай байхгүй. Тэгэхээр бүхэл бүтэн улсын тухайд ч ялгаагүй.
 
-Таныг үсээ засуулсан байгааг харлаа. Үсчний газрыг нээх тухайд та юу гэж бодож байна? 
-Энэ бол надтай хамаатай асуудал. Би таван долоо хоногт нэг удаа үсээ засуулдаг. Харин одоо 12 долоо хоногт нэг удаа засуулж байна. Үсчин ч, би ч хоёулаа маск зүүсэн нь тодорхой.
 
-Тээврийн хэрэгслийн тухайд галт тэрэг, онгоц, метроны алинаар нь явбал зүгээр вэ? 
-Хувь хүний онцлог, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална. Хэрэв та эрсдэлтэй бүлэгт хамаарах хэн нэгэнтэй хамт яваа бол хаашаа ч аялахгүй байх нь хамгийн боломжит хувилбар юм. Ямар нэгэн газар руу явах шаардлага гарвал галт тэрэг, автобусанд олон хүнтэй чихэлдэж эсвэл онгоцоор явсанаас хувийн машинаараа явах хэрэгтэй. Хэрэв та 25 настай, ямар нэгэн зовиургүй бол өөр хэрэг.
 
-Бар, пабын тухайд? 
-Барыг нээх нь үнэхээр маргаантай, тулгамдсан асуудал болоод байна. Гэнэт халдварын тоо өсөхөд ихэнх нь олон хүнтэй газраар үйлчлүүлсэн хүмүүс байсныг та анзаарсан байх. Би ч мөн бараар үйлчлүүлдэг байсан. Тэнд хамбургер идэнгээ шар айраг ууж суух нь надад таалагддаг. Бусад хүн ч миний адил найз нөхөдтэйгөө ярилцангаа шар айраг уудаг. Энэ бол амьдралын баяр баясалтай мөчүүдийн нэг. Гэхдээ агаарт вирус дэгдсэн үед баранд суух нь тийм ч хөгжилтэй зүйл биш болов уу. Тиймээс халдварын үед бар орохоос зайлсхийх нь чухал.
 
-Зарим муж хүмүүсийг тухайн мужид ирэхээсээ өмнө коронавирусын шинжилгээ өгсөн байхыг шаардаж байна. Анагаах ухааны үүднээс энэ зөв үү? 
-Хэрэв чи онгоцонд суухдаа халдваргүй байгаад тэндээсээ халдвар авсан ч нян үржих боломж нь ховор. Тиймээс шинжилгээ өгсөн байх нь сайн зүйл.
 
-Бүх хүн амаа шинжилгээнд хамруулах талаар төлөвлөсөн зүйл бий юу? 
-Хяналтын шинжилгээнд бүх хүнийг хамруулна. Гэрийн нөхцөлд өөрийгөө оношилно гэдэг өндөр мэдрэмж, онцгой чадвар шаардана. Энэ яагаад онцгой зүйл гэдгийг та мэдэх үү. Та хадам аав ээж, хүүхдүүдийг нь гэр бүлээр нь цуглуулаад шинжилгээ авахаар шийдсэн бол энэ нь зөв. Гэхдээ 100 хувь зөв биш. Дайсныхаа эсрэг хийж байгаа төгс арга биш. Шинжилгээнд хамрагдахаасаа өмнө бүгд хамтдаа нэг газар сууж оройн хоол идсэн бол эрсдэл буурна. Гэхдээ огт эрсдэлгүй гэсэн үг биш. Учир нь ямар ч аюулгүй орчинд амьдрах боломж одоохондоо үгүй.
 
-Хэд хэдэн вакцин үйлдвэрлэгч үр дүн амлаад байна. Гэхдээ АНУ-ын Эм, хүнсний хэрэг эрхлэх газар үл итгэх хандлагатай байгаа нь улс төрийн дарамт шахалт болон арилжааны ашиг сонирхолтой холбоотой юу. Бид хэзээ, аль вакциныг нь хэрэглэх нь тохиромжтой юм бэ? 
-Одоогоор 95 хувийн үр дүн үзүүлсэн вакцин гарчихсан байгаа тул үүнд хариулахад амархан. Гэхдээ бусдаасаа сайн үр нөлөө үзүүлэхгүй байж болно. Өнгөрсөн долоо хоногт бараг 100 удаа давтаж хэлсэн вакцины үйлчлэлийг харж байгаад шийдвэрээ гаргах нь зөв. Тухайн компани вакциныхаа үзүүлэлтийг танилцуулна. Би үзүүлэлтийг нь харсан. Дараа нь тэр компани мэдээллээ Эм, хүнсний хэрэг эрхлэх газарт танилцуулна. Эм, хүнсний хэрэг эрхлэх газар өргөдлийг нь хэлэлцээд зөвшөөрөл өгвөл вакцинаа түргэн хугацаанд үйлдвэрлэж эхэлнэ. Өмнө нь бие даасан шинжлэх ухаанчаар дүгнүүлнэ. Энэ нь аль нэг байгууллагад харьяалалгүй шинжээч гэсэн үг. Үүний дараа өөр нэгэн бие даасан байгууллага болох Вакцин, биологийн бүтээгдэхүүний зөвлөх хороо хэлэлцэнэ. Шинжлэх ухаанч болон зөвлөх хорооны саналын үндсэн дээр Эм, хүнсний хэрэг эрхлэх газрын хороо нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно.
 
-Хэрэв та бие даасан шинжлэх ухаанч байсан бол юу хэлэх байсан бэ? 
-Тийм ээ гэж хариулна.
 
-Тээвэрлэлтийн хугацаа, вакцин нийлүүлэх хугацааг харж байгаад шийдвэрээ гаргах юм байна. Шинээр байгуулагдсан Засгийн газар үүн дээр ямар нэгэн хориг тавих болов уу? 
-Миний бодлоор ямар нэгэн хязгаарлалт тавихгүй байх. Харин шинэ Засгийн газар сонголтоо өөрсдийн мэдрэмжээрээ хийнэ. Гэхдээ вакцинд ямар нэгэн зүйл тохиолдсон ч хорооноос үйлдвэрлэх зөвшөөрөл өгч, бид вакцинтай болно гэдэгт  итгэл дүүрэн байна.
 
-Таны бодлоор бид хэзээ маскнаас салах вэ? 
-Хамтын хичээл зүтгэлээр вакцинаа төлөвлөсөн хугацаандаа гарган авч чадвал бид маск зүүхээ болино. Ирэх оны гурав, дөрөвдүгээр сарын хагас гэхэд нийт хүн амын ихэнх нь вакцинд хамрагдчихсан бид хэвийн амьдралдаа шилжихсэн байх болно.
 
 
Б.ДолжинжавЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn