О.Гэрэлт-Од: Авлигыг халахгүйгээр залууст ч боломж олдохгүй

304

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-одтой ярилцлаа.

-Танай холбооноос ургац хураалтад оюутан, залуучуудыг оролцуулж, цалинжуулсан юм билээ. Энэ ажлын үр дүн ямар байна?
-Залуучуудын холбооноос “Илгээлтийн эзэд”-ийг шинэчлэн сэргээж хэрэгжүүлж байна. Дөрвөн дэд хөтөлбөртэй хэрэгжүүлнэ. “Алтан намар” эхний дэд хөтөлбөрийн хүрээнд намрын ургац хураалт, хадлан тариа, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд тариаланчдад хүч дутмаг байх үед хамтран ажиллахаар болсон. Хүний гараар зайлшгүй хийх ажлууд ч байна. Дунджаар 14-21 хоногт 3000 орчим оюутан ургац хураалтад ажиллалаа. Дараагийн ээлжид хавар мал төллөх үеэр, зуны амралтаар бүтээн байгуулалтад, өвлийн амралтаар соён гэгээрлийн ажлыг буюу жилд дөрвөн удаа оюутан, залуучуудаа үе шаттай ажиллуулах хөтөлбөр шинэчлэн боловсруулж байгаа.
Залуучууд сайн дураараа цалинтай ажиллаж, монгол ахуй, зан заншилтайгаа хамт байна, залуу насныхаа мартагдашгүй дурсамжийг хамтдаа өнгөрүүлнэ. “Илгээлтээр явсан оюутнууд яваагүй оюутнуудаасаа илүү боломж эдлэх ёстой, ямар давуу байдлыг хүсэж байна” гэсэн санал судалгаа авсан.
Судалгаанд үндэслэн хийх ажлуудыг их, дээд сургууль, харьяа яам, агентлаг, Засгийн газар гээд шийдэх боломжтой газруудад нь хүргэхээр ажиллаж байна. “Ажил хийвэл ам тосодно” гэж ургац хураалтад ажилласан хүмүүс ажиллаагүй хүмүүсээс илүү давуу боломж эдлэх ёстой. Тэгж байж үйл ажиллагаа илүү идэвхжинэ. Одоо өвлийн амралтаар хийх соён гэгээрлийн ажлын бэлтгэл ажил хийгдэж байна.
-Оюутан, залуучуудаас намрын ажлын талаар санал асуулга авахад ямар сэтгэгдэлтэй байв?
-Тариалан эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй уулзахад намрын ажилд оюутан, залуучуудыг ажиллаж байгаад тун баяртай байна лээ. Залуучуудын хувьд сэтгэл өндөр, ихэнх газар интернэт байхгүй учраас гар утсаараа харилцахгүй, амьд харилцаа үүсгээд найз нөхөрлөлийн хүрээгээ тэлж, тал талын мэдлэг солилцох зэргээр боломж нээгдэж байгаа. Судалгааны хувьд оюутнуудын ихэнх нь сургалтын төлбөрийн асуудал дээр давуу байдал хүсэж байна. Их, дээд сургуулиудаас оюутнуудад хичээлийн хоцрогдол үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Энэ жил Засгийн газраас их, дээд сургуулийн оюутнуудыг ургац хураалтад ажиллуулах шийдвэр гарсан учраас илүү өргөн цар хүрээтэй болсон. Цаашид ч улам өргөжин тэлнэ.
-Ирэх жил ч “Илгээлтийн эзэд” зохиогдох юм байна. Ургац хураалтад ажиллахыг хүссэн оюутнууд хаана хандах вэ?
-Их, дээд сургуулиудтайгаа уулзаад албан бичиг өгөөд, нэгдсэн байдлаар оюутнуудаа авах, тариалан эрхлэгчдэд хүргэж өгөх, ингэхдээ коронавирусний шинжилгээ авах, халдвар хамгааллын дэглэм баримтлах байдлаар зохион байгуулж байна. Зарим сургууль өөрсдөө оюутнуудаа авч явлаа. Тэгэхээр их, дээд сургуульдаа болон манай холбоонд хандаарай.
-Тариалан эрхлэгч, аж ахуйн нэгжүүдээс хүний нөөцийн захиалга их ирж байна уу?
-Энэ жил аж ахуйн нэгжүүдийн захиалгаа арай хангаж амжихгүй байна. Дархан, Сэлэнгэ, Төв, Орхон, Булган аймгуудаас маш их захиалга ирлээ. Сургуулиудтай яриад заримаас нь 500, заримаас нь 100 оюутан гэх мэтээр ажиллуулж байна.
-Авлигын эсрэг аян өрнүүлж, авлигыг жигшдэг болох хэрэгтэй гэж саяхан та уриалж байлаа. Яагаад ингэж аян өрнүүлэхээр болов. Авлига нийгэмд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Монгол Улс энэ жил авлигын үзүүлэлтээр 180 орноос 111 дүгээр байрт орлоо. Авлигыг бид эрс шийдэл гаргаж багасгах шаардлагатай. Авлига авсан хүмүүс хуулиар хариуцлага хүлээхдээ тохирсон шийтгэл авдаггүй учраас буурахгүй байна. Авлига хүний өдөр тутмын амьдралд байнга тохиолддог, амьдралын хэв маяг шиг боллоо. Орлого, зарлагаа тооцохдоо авлигад өгөх мөнгөө ч гэсэн тооцоолж байна. Жишээлбэл, хүүхэд төрөхөд эмч, сувилагчид өгөх мөнгө, хүүхдээ цэцэрлэг, сургуульд ороход тэдэн төгрөг зэргээр тооцдог, бүр хэвшил болоод авлигад дасаад уусжээ. Уул уурхайн тусгай зөвшөөрөл, тендер, лиценз дагасан, төрийн худалдан авах ажиллагаа, албан тушаалын томоохон хэмжээний авлига ч байна. Үүнийг халах ёстой. Үүнийг халахгүйгээр улс хөгжихгүй байна, залууст боломж олдохгүй байна. Их сургууль төгсөж байгаа хоёр оюутны чадвартай нь бус хахууль өгсөн нь гайгүй ажилд томилогддог, мөнгө өгч ажилд орсон хүн нь өгсөн хахуулиа нөхөхийн тулд ажилладаг.
Чадваргүй хүн ажил олгогчийн хүссэн үр дүнг өгөхгүй, тэр компани, байгууллагын хөгжилд саад болж байна. Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 111 дүгээрт орж байгаа авлигын индексийг 50 дугаар байраас доош ороход хувь нэмэр оруулмаар байгаа юм. Авлигын хор хөнөөл, уршгийг таниулсан сургалт сурталчилгааг оюутан, залуус, олон нийтэд танхимаар болон цахимаар явуулах, авлига авсан нь баримтаар нотлогдож шүүхээр шийдүүлсэн хүмүүст үйлчилгээний байгууллагаасаа эхлээд үйлчлэхгүй байх жишиг тогтоомоор байна. Залуучуудын боломжийг хулгайлж, улсын хөгжлийг хойш татсан авлигачдыг гаднын орон шиг өндөг шидэх зэргээр жигшдэг болмоор байна. Авлига авдаг хүмүүс өөрсдийнхөө хийж байгаа ажлаар бахархаж ярьдаг байдал хүртэл эсрэгээрээ байх ёстой. Авлигачдыг иргэд нь хараад жигшдэг болгохын тулд огцом өөрчлөлтүүд хэрэгтэй.
-Залуучуудаа хөгжүүлэх чиглэлээр ямар ажлууд хийх вэ?
-Цар тахалтай холбоотой дэлхийн олон их, дээд сургууль цахим хичээлийг нээлттэй орж байна. Зарим хүн англи хэлгүй учраас тус нээлттэй хичээлүүдийг ойлгож үзэж чадахгүй байна. Энэ тал дээр Монголын 50 орчим томоохон их, дээд сургуульд “Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн хичээлийг монгол хэл дээр орчуулж олон нийтэд, оюутнуудаа хүргэх тухай” албан бичиг хүргүүлсэн. Цахимаар хичээллэх нь танхимаар хичээллэснээс 60 хувиар зардал бага зарцуулдаг. Яг сурах гэсэн эрмэлзлэлтэй хүнд суралцах боломж их байна. Цаашдаа дэлхий нийт болон Монголд ч гэсэн цахим сургалтын асуудал яригдсаар байх төлөвтэй. Энэ чиглэл рүү оюутан залуус өөрсдийгөө бэлтгэж, улс орон материаллаг бааз сууриа бэлтгэх шаардлага байна.
-Мэдээлэл болгоод хэлэхэд танай холбоо залуустаа ямар үүрэг оролцоотой байгууллага байна. Залуус холбоонд нэгдэхийн тулд яах ёстой вэ?
-Монголын залуучуудын холбоо 16-40 насны залуучуудад үйлчилдэг, тэдний эрх ашгийг хамгаалж, хөгжүүлэх үндсэн зорилготой байгууллага. Салбар салбарын 16 мянган хороотой, тухайн салбарын чиглэл чиглэлийг хариуцсан корпорацуудтай. Хандсан залуучууд болгонд манай үүд хаалга байнга нээлттэй шүү.
-Монголын залуус дэлхийн залуустай хөл нийлүүлэхийн тулд ямар өөрчлөлт хэрэгтэй бол?
-Бидэнд олон зорилт байгаагаас залуучуудаа алт болгоё, одоо ч бай, олон жилийн дараа ч бай алт шиг үнэ цэнээ алдахгүй залуучуудтай болж, хувь хүний хөгжил, чадамж сайтай залуучуудаа бэлтгэх том зорилт байдаг. Энэ хүрээндээ ажлууд төлөвлөдөг. Залуус академи байгуулж, салбар бүрд залуусыг хөгжүүлэхийг зорьж байна. “Залуус медикал” эмнэлэг төлөвлөж байна. Залууст түгээмэл асуудал үүсгэж байгаа өвчнүүдийг судалж, урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах, сэргийлэх сургалтууд хийх, өвчин туссан бол эмчилгээг нь хийх ажлыг зохион байгуулахад эмнэлэг хэрэгтэй. Энэ ажлуудыг бусад ижил төстэй байгууллага, хувийн хэвшилтэйгээ хамтраад хийвэл боломжтой.
-Залуучуудын байгууллага хөрөнгө оруулалтын асуудлаа яаж шийддэг билээ?
-Манай байгууллага хотын төвд дөрвөн давхар байшинтай, түүнийхээ нэг давхарт бид үйл ажиллагаа явуулж, нөгөө давхруудаа түрээсэлдэг. Түрээсийн орлого байна. Тодорхой хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлбэл түүнээсээ санхүүжих боломжтой. Сүүлийн хоёр жил КОВИД-19 цар тахлаас шалтгаалж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж болохгүй байгаагаас төсөл хөтөлбөрүүд зогсонги байдалтай байна.
-Залуусынхаа мэдлэг боловсрол, нөөц чадамжийг ашиглах тухайд ямар бодолтой байдаг вэ?
-Залууст тулгарсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт 21 аймгаар тойрон судалгаа хийж байгаа. Ингэхэд Төв аймагт байгаа залуу Сүхбаатар аймгийн залуу, Увс аймагт байгаа залууд тулгамдаж байгаа асуудал өөр өөр байна. Энэ өөр байгаад тухайн аймгийн хүн ам, үндэстэн ястан, газарзүйн онцлог, тухайн хүний ажил амьдрал гээд нөлөөлдөг. Энэ мэт асуудлыг судалж байна.
-Цэрэг татлага, цэргийн үйл ажиллагааг шинэчлэх тухайд хөтөлбөр боловсруулна гэж байсан. Энэ тухайд мэдээлэл өгнө үү?
-Монголын залуучуудын холбооноос хэд хэдэн чухал зорилт тавьсан. Үүний нэг нь цэргийн хөтөлбөрийг шинэчлэх юм. Цэргийн насныхны бараг хоёр хүрэхгүй хувь нь цэрэгт явдаг гэсэн судалгаа байна. Залуучууд цэрэгт явах дургүй болсон, эцэг эхчүүд нь үр хүүхдээ цэрэгт явуулахаас эмээдэг. Цэрэгт очоод нэг жилийг зарцуулахад юу сурах вэ, үр өгөөж нь юу вэ гэдэг асуудал байна. Мөн цэрэг бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Батлан хамгаалах салбар, аюулгүй байдлаа цахим аюулгүй байдалд хандуулж бэлтгэх шаардлага байна. Адаглаад компьютерын хэрэглээний программуудыг ашигладаг, 10 хуруугаар шивдэг, тодорхой хэсэг нь код, программ бичдэг, англи, хятад, орос хэлнээс сонгож судалдаг, хууль эрхзүй, эдийн засаг, эрүүл мэндийн чиглэлээр боловсрол олгодог байх ёстой. Цэрэгт бие бялдар, оюуны хөгжлийн чадамжтай иргэн хүнийг төлөвшүүлдэг байх хэрэгтэй. Энэ бүх боловсролыг системтэй, хөтөлбөрийн хэмжээнд олгомоор байгаа юм.
Бүтэн жилийн хугацаанд бүх чиглэлээр хөгжих боломж хангалттай байна. Цэрэгт яваагүй бусад залуусаас цэрэгт явсан залуус илүү давуу байдалтай байх ёстой. Энэ талаар судалгааг барилгын цэргийн анги, хилийн цэргийн анги, дотоодын цэргийн ангиудад хийж байгаа. Залуус цэрэгт очоод юу сурахыг хүсэж байна, эцэг, эхчүүд юу хүсэж байна гэдэг дээр судалгааг цаашдаа эрчимжүүлнэ. Цэрэгт баян, ядуу, эрх мэдэлтэй, эрх мэдэлгүй хэний ч хүүхэд байсан эрх тэгш суралцдаг байлгамаар байна.
Энэ хөтөлбөр батлагдаад явбал залуучууд цэрэгт явахын төлөө хичээдэг болох юм. Энэ хүрээндээ дотоодын болон дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын цэргийн хөтөлбөр, алдаа оноог судалж байна. Тухайлбал, цэрэг татлага аравдугаар сард болдог. Гэтэл цэрэгт явж чадаагүй залуу их сургуульд орох гэхээр их сургуулийн элсэлтээс хоцрох талууд ч байна. Энэ мэтчилэн цэрэг татлагад зохицуулалтууд хэрэгтэй. Мөн аль цэргийн анги руу явах уу гэдгийг тухайн цэрэгт явж байгаа хүнээс нь асуумаар байгаа юм. Яг хэрэгцээтэй, өөрийнхөө сонирхдог мэргэжлийг цэрэгт эзэмшиж болно.
-Залуучуудын байгууллагын ойрын хугацаанд төлөвлөсөн ажлуудаас товч танилцуулахгүй юу?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Залуучуудын хөгжлийн зөвлөл хуралдахад хэд хэдэн асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсан. Үүний нэг нь цэргийн хөтөлбөрийн шинэчлэл байсан. Цэргийн хөтөлбөрийн шинэчлэлийг сайн судалгаатай боловсруулж чадвал дэмжигдэх боломж байна. Дараагийн ээлжид “Шоронг сургууль болгоё” гэсэн хөтөлбөрийн тухай ярьсан. Монгол Улс жилд 5000-6000 байнгын хоригдолтой. Шоронгоос гарсан хүмүүсийн 50 орчим хувь нь буцаж шоронд ордог гэсэн статистик байна. Гэтэл Европын таван сая хүн амтай оронд 13 хоригдол байх нь ч байна. Тиймээс бид шоронг сургууль болгох, хүмүүсийг нь төлөвшүүлэх, суралцуулах, мэргэжилтэн бэлтгэх, ажлын байранд бэлтгэх төлөвлөгөө боловсруулсан. Энэ тухай мөн Ерөнхий сайдад танилцуулж, эхний байдлаар дэмжигдээд байгаа.
Түүнчлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой том ажил төлөвлөөд байна. Их, дээд сургууль төгссөн залуучууд хөдөлмөрийн зах зээлд ажил олгогчийн шаардлага хангахгүй байх асуудалд төлөвлөлт хийгээд байгаа юм. Улмаар хөдөлмөрийн зах зээлд нэгдсэн платформ хийхээр төлөвлөсөн. Энэ нь таван үндсэн системтэй. Ажил хайгч, ажил олгогч, тухайн мэргэжлийн холбоо, тухайн мэргэжлийн сургалт, Монголын залуучуудын холбоо гэсэн үе шатуудаар ажил хайгчийг чадавхжуулж, ажил олгогчдоо ч ажил хайгчдаа ч ээлтэй платформ бий болгохоор төлөвлөсөн. Аль аль талдаа харилцан итгэлцэлд 100 хувь хүргэхээр ийм ажил төлөвлөөд байна. Мэдээж ажил хайгчдаа санхүүгийн дарамтгүй байхаар зохицуулалт хийнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn