БАЙР СУУРЬ: Дэлхийн удирдагчид ОХУ, Украины асуудлаар юу хэлэв

500

ОХУ-ын цэргүүд Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш таван өдөр өнгөрөөд байна. Энэ хугацаанд хоёр талын төлөөлөгчид хоёр ч удаа хэлэлцээ хийхээр төлөвлөж, нэг хэлэлцээг нь Беларусийн хилд зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй.
          Олон улсын шинжээчдийн мэдэгдэж байгаагаар хоёр талаас энх тайвны гэрээ хэлцэлд хүрэхгүй бол гаднын орны нөлөө орж байж ОХУ, Украины мөргөлдөөн намжих аж. Эргэлт.мн мэдээллийн сайт дэлхийн удирдагчдын ОХУ, Украины асуудлаар хэлсэн үгсээс онцлох яриануудыг хүргэж байна.
 

АНУ-ын Ерөнхийлөгч ЖО БАЙДЕН: ОХУ-ын үндэслэлгүй халдлагад өртсөн Украины ард түмний төлөө залбиръя

ОХУ-ын Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа нь ямар ч үндэслэлгүй маш том өдөөн хатгалга. Оросын цэргийн үндэслэлгүй халдлагад өртсөн Украины ард түмний төлөө залбиръя. АНУ-аас Украинд чадах бүхнээрээ туслах болно. Энэ тулаанаас үүссэн хагацал, сүйрлийн хариуцлагыг Орос бүрэн хүлээх ёстой. Дэлхий нийт ОХУ-д хариуцлага тооцох болно.
 

Их Британийн Ерөнхий сайд БОРИС ЖОНСОН: Цус урсгах замыг сонгосон ОХУ-д түүнтэй тэнцэх хариу барина

Их Британийн талаас Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй байнга холбогдож, дараа дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа. Цус урсгах замыг сонгосон ОХУ-д түүнтэй тэнцэх хариу барина.
 

Австрали Улсын Ерөнхий сайд СКОТТ МОРРИСОН: Орос дайныг сонгосон, бид зүгээр суухгүй

ОХУ олон улсын батлан хамгаалах хууль, НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчиж байна. Орос дайныг сонгосон. Бид зүгээр суухгүй. Украинд 50 сая ам.долларын тусламжийн багц олгоно. Үүнийхээ 25 сая ам.долларт пуужин өгнө.
 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга АНТОНИО ГУТЕРРИШ: Цэргээ эргүүлэн татахыг В.Путинээс гуйж байна

Яг энэ цагт миний албан тушаалаа хашиж байгаа үеийн хамгийн гунигтай мөч тохиож байна. Олон хүний амь хохирч, маш их гарз учирлаа. Бүр дэлхийн дайн ч үүсэж болзошгүй нөхцөл байдалд байна. Тиймээс би НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргынхаа хувьд бус, хувь хүнийхээ хувьд ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс цэргээ эргүүлэн татахыг гуйж байна.
 

Япон Улсын Ерөнхий сайд КИШИДА ФҮМИО: ОХУ олон улсын батлан хамгаалах журмыг зөрчлөө

ОХУ Украин руу довтолж, олон улсын батлан хамгаалах журмыг зөрчиж, үндсээр нь баллалаа. Япон Улс оросуудыг эрс буруушааж байгаа. Манай талаас дипломат харилцаа, хамтын ажиллагааны нийгэмлэгээ зогсоох болно. ОХУ дэлхийн геополотикийг өөрчлөхөөр оролдож байгаа энэ үйлдлийг нь зөвшөөрч чадахгүй.
 

Герман Улсын Бүндестаг намын гишүүн ПЕТР БИСТРОН: НАТО ОХУ-ын хил рүү далд үйл ажиллагаа явуулж байсан

15 жилийн өмнө Москвагаас сануулж байсан анхааруулгыг үл тоомсорлож байсны улмаас өнөөдөр энэ түвшинд хүрлээ. Европт дайн болж байна. Алан хядагчдаас дарах, хянах зорилгоор Европт цэргээ оруулж ирсэн НАТО тэртээ үеэс л ОХУ руу санаархаж, далд үйл ажиллагаа явуулж байсан. Харин үүний үр дүнд олон гэмгүй орос, украин залуус амиа алдаж байна. Одоо дэлхийн геополитик өөр түвшинд шилжлээ.
 

БНСУ-ын Ерөнхийлөгч МҮН ЖЭ ИН: Энхийн замаар шийдвэрлэхэд эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгтэй

Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай оролцогчийн хувьд БНСУ Оросын зэвсэгт түрэмгийллийг таслан зогсооход анхаарч ажиллана. ОХУ, Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд эдийн засгийн хориг арга хэмжээ тус болно. Мөн БНСУ-ын зүгээс ОХУ-ын эсрэг тавих бусад хоригт ч нэгдэхэд бэлэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn