Лаа, чүдэнзээ бэлдэх шинжлэх ухаанч үндэслэл

472

Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн эрин зуун гэгдэж буй энэ цаг үед дэлхий сүйрнэ гэдэг цуурхал, мухар сүсэгт итгэдэг улс үндэстэн хэр олон бэ. Манай монголчууд л лав 10 жилийн өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сүйрнэ гэдэгт итгэж бөөн хөл хөдөлгөөн болж байлаа. Тухайн үед иргэдийн дунд “Дэлхий асар том солиртой мөргөлдөж сөнөнө”, “Гурван хоног наргүй, цахилгаангүй болно”, “Дээд цэгтээ хүртэл хүйтэрч, мөстлөгө үүснэ”, “Дэлхий дээр бүртгэгдэж байгаагүй өндөр баллын газар хөдлөлт тасралтгүйгээр болно” гэх мэт цуу яриа гарч, иргэд лаа, чүдэнз, монгол гэрээ бэлдэж, хотын өндөр барилгаасаа дайжиж, зуслан руугаа явж байв. Гэвч 2012 оны арванхоёрдугаар сарын 22-нд нар манддагаараа мандаж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсэн. Энэхүү цуу яриа, мухар сүсэг нь лаа, чүдэнз, монгол гэр зардаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд л ашгаа өгсөн. Харин одоо лаа, чүдэнзээ бэлдэх шинжлэх ухааны үндэслэлтэй шаардлага тулгараад байна.
Ирэх өвөл цахилгаан станцууд ачааллаа дийлэхээ больж, нийслэлчүүд гал алдах эрсдэлтэй гэдгийг салбарын сайдаас нь эхлээд мэргэжлийн хүмүүс хэлж байна. Энэ бол иргэдийн дунд өрнөж буй цуу яриа биш бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй анхааруулга юм. Тухайлбал, Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур иргэдэд эртнээс газ, лаа чүдэнзээ бэлдэхийг анхаарууллаа. Тэрээр хэвлэлд ярилцлага өгөхдөө "Монгол Улс эрчим хүчээ дотоодоосоо бүрэн хангаж чаддаггүй. Нийт цахилгаан хэрэглээний 20 хувийг ОХУ, БНХАУ хоёроос импортоор авч байгаа. Энэ 20 хувийн 70 хувийг нь БНХАУ-аас авч, Оюу толгой хэрэглэдэг. Харин үлдсэн 30 хувийг нь ОХУ-аас төвийн эрчим хүчний системдээ авч хэрэглэж байна. Мөн дэлхийн эрчим хүчний хөгжлөөс 40 жилээр хоцрогдолтой явж байна. Манай хамгийн том буюу дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд баригдсан. Үүнээс хойш дөрөвдүгээр цахилгаан станцтай чадлаараа дүйх нэг ч станц баригдсангүй. Тиймээс дөрөвдүгээр цахилгаан станц 40 жилийн өмнөх технологиор ажиллаж байна. Машинаар яривал “69” гэдэг машин 40 жилийн өмнө моданд орж  байсан бол одоо хоцрогдчихсон. Яг үүний адил дэлхийн эрчим хүчний техник, технологи хөгжөөд, Монголд ашиглаж байгаа техник, технологи хоцрогдсон. Эрчим хүчний салбар 20 хувийн нөөц чадалтай байх ёстой. Гэвч манай эрчим хүчний салбар 20 хувийн дутагдалтай явдаг. Энэ нь өнөөдрийн Монголын эрчим хүчний чадал хэрэглээгээ хангаж хүрэхгүй байгааг харуулаад байгаа юм. Нөгөө талдаа иргэдийн эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өссөөр байна. Ийм дутагдалтай тул өвөл хөлдөх бодит нөхцөл үүссэн нь үнэн. Эрчим хүчний тоног төхөөрөмжийн 40 хувь нь хуучирч, ашиглалтын хугацаа нь дууссан. Тиймээс янз бүрийн техникийн аваар, саатал үүсэж тун болзошгүй. Тэгэхээр иргэддээ юуг зөвлөх вэ гэвэл, энэ өвөл газан плетка, газ, лаа, чүзэнзээ бэлдэх хэрэгтэй. Энэ бол хүмүүсийг айлгах гэсэн юм огт биш. Тиймээс иргэд дээрх зүйлсийг бэлдэхийн хажуугаар сэтгэл зүйгээ бэлдэж, дулаан хувцсаа хангах, гэр байшингийн сийгэлт, дулаан хадгалалт зэрэгтээ анхаарах хэрэгтэй. Эрчим хүчний яам үүнд бэлдэж, нэг, хоёр, гуравдугаар зэргийн хэрэглэгчдийг судалж, хаана хязгаарлалт тогтоохоо бэлдэж байгаа байх" гэжээ.
 
http://eagle.mn/r/104291
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn