Сурагчийн үдийн хоол бэлтгэх тогоочийн сургалтыг зохион байгуулж байна

573


Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн гал тогоонд ажиллах тогоочдын ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулах “Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалт”-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран зохион байгуулж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Суралцагчдад эрүүл аюулгүй, шим тэжээллэг хоол хүнсээр үйлчилж тэдний оюуны болон бие бялдрын өсөлт хөгжилтийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэхэд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн зорилго чиглэгдэнэ. Хуулийг хэрэгжүүлснээр 2021 оноос 1-5 дугаар анги, 2022 оноос дунд анги, 2023 оноос ахлах ангийн сурагчдад үдийн хоолоор үйлчилнэ” гэлээ.
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хоолзүйн салбарын профессор Г.Энхтайван “Манай улсад 1990-ээд оноос хүүхдийн хоолны дэглэм алдагдсан. Энэ нь өнөөгийн хүн амын өвчлөлийн нэг шалтгаан болоод байна. Дэлхийн 190-ээд орон сургуулийн хүүхдийн хоолны хуультай. Хожуу ч гэсэн манай улс ирээдүйгээ хайрласан чухал хуультай боллоо. Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал 10-15 жилийн дараа эрүүл саруул биетэй залуусын үе бий болно.
Хоол хүнсэндээ шинжлэх ухааны үндэслэлтэй, норм, стандарттай хандах ёстой. Олон хүний, тэр дундаа хүүхдийн хоол хийнэ гэдэг гэр гэртээ хоол хийдэгтэй огт адилгүй. Хүүхдийн өсөлт, хөгжилтийн хэрэгцээ, шаардлагыг хангах хоолыг сургуулийн тогооч хийж сурах ёстой” гэж тус сургалтын ач холбогдлыг тодотгож байна.
Сургалт 2020 оны наймдугаар сарын 17-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай явагдах бөгөөд нийслэлийн сургуулиудын 25 тогоочийг хамруулан хоол хүнсний илчлэгт чанар, хүүхдийн хоолны цэс зохиох, хүүхдийн хоол бэлтгэх технологийн онцлог, хоолны илчлэг тооцох аргачлал, түүхий эд бүтээгдэхүүний чанар, хүлээн авах, хадгалалт тээвэрлэлтэд тавигдах шаардлага зэрэг онолын болон практик дадлагыг хослуулан явагдана.

Суралцагчдад эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг бэлтгэж хүргэхэд тогооч нарын үүрэг хариуцлага чухал бөгөөд цаашид энэ чиглэлийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: БШУЯ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn