Хэтэвчтэй мөнгөний тоо ба маргаашийн хоолны мах

568
-Covid-19 Монголын эдийн засагт зургадугаар сард хүчтэй нөлөөлнө-
Монгол Улсын эдийн засаг БНХАУ-аас ихээхэн хамааралтай. Иймээс нөхцөл байдлыг бодитоор үнэлж, макро эдийн засгийн төвшинд яаралтай арга хэмжээ авч, төсөвт тодотгол хийхгүй энэ хэвээрээ яваад байвал ирэх зургадугаар сар гэхэд ажилгүйдлийн төвшин 20 хувьд хүрч, 250 мянга орчим хүн ажилгүй, орлогогүй болох төлөв ажиглагдаж байгааг бизнес эрхлэгчид төр засагт анхааруулсаар байгаа.
Тодруулбал, Монгол Улсад Covid-19-ийн эдийн засагт үзүүлж буй нөлөө яг ямар салбарт нөлөөлж байгаагаасаа хамаарч, 1-6 сарын дараа мэдрэгдэнэ гэж МҮХАҮТ- судалгаандаа тодорхой дурдсан байв.
Үүнд:
  • БНХАУ-д гарсан өөрчлөлт Монгол Улсын худалдаа, наймааны салбарт, тэр тусмаа импортын бараа бүтээгдэхүүний үнэнд нэг сарын дараа нэлээд өөрчлөлт мэдрэгдэнэ.
  • БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарт гарсан өөрчлөлт Монгол Улсын экспортод үзүүлэх нөлөө нь гурван сарын дараа мэдрэгдэнэ.
  • БНХАУ-ын ДНБ-ний өөрчлөлт Монгол Улсад зургаан сарын дараа нөлөөлдөг гэжээ.
SARS-ийн үед БНХАУ-ын эдийн засаг 1.4 хувиар буурахад манай эдийн засагт 5.2 хувийн бууралт бий болж байсан болж Covid-19 улмаас БНХАУ-ын эдийн засаг 2 хувиар буурна гэж буй. Тэгвэл Монгол Улсын эдийн засаг ямар хэмжээгээр буурах нь тодорхой юм.
Дэлхийн банкнаас “Монгол Улсын эдийн засгийн тойм”-д тулгарч буй эрсдэлийн талаар “Эдийн засгийн төлөв байдал эерэг байгаа боловч улс төр, макро эдийн засгийн эрсдэл өндөр байна” гээд доорх эрсдэлүүдийг дурдсан байв.
Үүнд:
  • 2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой улс төрийн тодорхойгүй байдал
  • БНХАУ-АНУ-ын хоорондын худалдааны гэрээтэй холбоотой тодорхойгүй байдлаас үүдэн түүхий эдийн үнэ ханшид үзүүлэх нөлөөлөл
  • Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлүүд
  • БНХАУ-ын зүгээс түүхий эдийн экспорт, импортын хязгаарлалт хийх эрсдэл
  • Монгол Улс FAFT-ын саарал жагсаалтад орсонтой холбоотой үүсч байгаа эрсдэл
  • БНХАУ болон дэлхийн бусад улс орнуудад тархаж байгаа халдварт өвчний тархалтын улмаас гадаад худалдаа, улсын төсөв, эдийн засаг, бизнест үзүүлж болох эрсдэл
Бизнесийн байгууллагууд, эдийн засагчдын зүгээс “Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий” гэж үзэж байхад эрх баригчдын зүгээс “Төсөв тодотгох шаардлагагүй” гэж байгаа нь хэтэвчтэй мөнгөнийхөө тоог мэдэхгүйгээр маргаашийн хоолны махаа авах гэж төлөвлөж байгаатай агаар нэг юм. Тиймээс  төсөв тодотгох зайлшгүй шаардлага байна.

С.Туул
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn