“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна

239
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 268 дугаар тогтоолоор 2023 онд Улаанбаатар хотод “Зүүн Азийн Залуучуудын II наадам” зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2021 онд наадмын албан ёсны нэрийг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам хэмээн өөрчилсөн билээ. Наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдав.
Хурлаар эрүүл мэнд, аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалт зэрэгт илүүтэй анхаарч ажиллах талаар хэлэлцлээ. Тодруулбал,
  • Эмнэлгийн болон галын машиныг объект тус бүрд бэлэн байлгах,
  • Камержуулах, дотоод холбоо, зарлан мэдээлэх бие даасан шугамын бэлэн байдлыг хангах,
  • Орц, гарц дээрх хөдөлгөөний чиг, урсгалыг зохион байгуулан тэмдэгжүүлэх,
  • Наадмын үеийн нийгмийн хэв журмыг хангах, нээлт, хаалтын ёслолын ажиллагааны үеийн өндөржүүлсэн хамгаалалтад анхаарч, зочдын аюулгүй байдлыг ханган, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
  • Спортын байгууламж болон тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг ханган, үзлэг хяналт хийх,
  • Наадмын зохион байгуулалтад ажиллах сайн дурын ажилчдад зориулсан авран хамгаалах анхан шатны сургалт, зөвлөмж олгох зэрэг ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулахаар хэлэлцэн шийдвэрлэв.
Спортын 11 төрлөөр зохион байгуулах уг наадамд дунджаар 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, Зүүн Азийн үндэсний олимпын есөн хороо, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан, хэвлэл мэдээллийн 200 гаруй төлөөлөл, 2000 орчим сайн дурын ажилтан, үйлчилгээ дэмжих 1500 орчим ажилтан, албан хаагчид оролцоно гэсэн судалгаа гарсан. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулснаар манай улсад олон улсын наадам зохион байгуулах туршлага нэмэгдэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх гэхчлэн нийгмийн үр өгөөж өндөр байх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn