Д.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэхийг тогтоох хүртэл ЦАГДАН ХОРИНО гэв

354


Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийг өчигдөр /2023.03.21/ дахин цагдан хорих шийдвэрийг шүүх гаргасан. Ингэхдээ улсын яллагчийн зүгээс ерөнхий шүүгчид гомдол гаргасан гэх тайлбарыг өгсөн бөгөөд энэ талаар тус шүүхээс дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. 
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 2023.03.15-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж тодорхой төрлийн хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2023.03.17-ны өдөр гаргасан прокурорын гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэг хийхэд урьд эрүүгийн 2201000460010 дугаартай Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Ганбаяр, Б.Эрдэнэбаяр нарын нэр бүхий 5 шүүгдэгчдэд холбогдох хэрэгт тэдний гэм буруутай эсэх асуудлыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр 2023.03.10-ны өдөр болсон /үндсэн/ шүүх хуралдаан шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдөөс шалтгаалсан нөхцөл байдлын улмаас явагдах боломжгүйд хүрч тухайн шүүх хуралдааныг 2023.04.04-ний өдөр хийхээр товлон хойшлуулж, уг шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нэгэнтээ хүчин төгөлдөр байхад шүүгдэгч талаас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан, мөн тухайн хүсэлтийг шүүгч хангаж шийдвэрлэсэн зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-т: Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2 /тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх/, 1.3 /хязгаарлалт тогтоох/, 1.5 /цагдан хорих/ таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж нэрлэн зааж хуульчилж өгчээ.
Эндээс үзэхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед...санал, хүсэлт шүүхэд гаргаж болно гэсэн эрх олгосон заалт байхгүй болно.
Хуулийн дээрх заалт нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын үе шатанд байгаа өөрөөр хэлбэл шүүхээс өмнөх үе шатанд хэрэг нь шалгагдаж, хянагдаж байгаа хэргийн оролцогчид тодруулбал сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорын эдлэх эрх, боломжийг нарийвчлан зохицуулсан заалт бөгөөд нэгэнтээ прокурорын хяналтын шатнаас тухайн хүн, хуулийн этгээдийн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч зэрэг хэргийн оролцогчдын тухайд дээр дурдсан санал, хүсэлтийг зөвхөн анхан шатны...журмаар хэрэг хянан шийдвэрлэх /үндсэн/ шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх эрх, боломж нь нээлттэй, бусад үед тодруулбал өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж дараагийн шүүх хуралдааныг товлон зарласан цаг хугацааны дотор санал, хүсэлт, гомдол гаргаж гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх /үндсэн/ шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлүүлэх эрх, боломж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хаалттай юм.
Иймд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 2023.03.20-ны өдрөөс эхлэн 2023.04.04-ний өдрийг хүртэл өөрөөр хэлбэл анхан шатны журмаар тухайн холбогдсон гэмт хэргүүддээ гэм буруутай эсэх асуудлыг нь шүүхээс эцэслэн хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хүртэл урьд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн болно
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn