Хайрлам сайн эрчүүд
Хамгийн түрүүнд аавыгаа боддог. Мотоциклийнх нь араар сундлаад үсээ хийсгэн давхидаг байсан балчир нас. Намайг тэмцээнд оруулах гээд шороо шуурсан аймгийн төвөөр хөтлөөд алхаж байсан. Хамаг төлбөр мөнгийг нь, амьжиргааных нь хэдэн төгрөгтэй халааслуулаад их сургуульд үдсэн аав минь. Миний бүхий л том хайр, хамаг хүндлэл аавд минь зориулагддаг. Одоо ч зүрхэндээ хайрласаар, хүндэлсээр.
Ах нар, хань нөхөр минь байна. Хэзээд миний талд бат зогсох нөмөр нөөлөг юм, тэд. Ангийн хөвгүүд, ажлын хамт олон, амьдралын замд танилцаж нөхөрлөсөн гээд ярих юм бол хүндэлж бахархаж, суралцаж, найзалж нөхөрлөж яваа олон эрчүүд байна.
2022 оны ХЭҮК-ийн тайлангаас эрчүүдтэй холбоотой жишээ уншаад хачин их гуниглав. Тайланд ахмад настны ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн талаар ноцтой баримтууд бичигджээ. Хэрэв өвгөн хүн ямар нэгэн хүчирхийлэлд өртвөл авах газар олддоггүй, хуулиараа тийм гэнэ. Хүүхдүүд нь тэтгэврийг нь авчихаад хаячихдаг, утсыг нь блоклочихоод ярихгүй байх нь энүүхэнд. Бүр хамтдаа байхгүй гээд нийтийн байр хөлсөөд аваачаад суулгачихдаг нь ч байна. Мэдээж, нийтээрээ тийм биш ч ийм амьдрал туулж яваа өвгөчүүд байна аа.
Бүгд мэддэг өөр нэг онцгүй баримт бол эрчүүд эмэгтэйчүүдээсээ 10 гаруй насаар богино амьдардаг. Үр хүүхэд нь өсч, амьдрал ахуй нь нэг л сайхан болоод ирэхийн хэрд өөрсдөө өвдөөд, бусдыгаа өнчрүүлээд яваад өгдөг.
Цагтаа энэ өвгөчүүд чинь хүн бүрийн хараа булаасан жавхаатай сайхан залуус байсан юм. Гялалзтал ажиллаж, хайрлаж дурлаж, үр хүүхдээ өсгөж, энэ Монголдоо жаргалтай сайхан амьдарч явсан юм. Цагийн цагт идэр залуугаараа байх мэт аагтай омогтой ч байгаа биз. Ямар чиг л байсан, яаж ч амьдарч байсан, энэ Монголын минь эзэн болсон эрчүүд насны бөгсөнд ийм гундуухан явах учиргүйсэн.
https://dnn.mn/%D1%85%D0%B0%D0%B9%D1%80%D0%BB%D0%B0%D0%BC-%D1%81%D0%B0%D0%B9%D0%BD-%D1%8D%D1%80%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4-dnn-mn/