Оросын арми 2023 оны хамгийн том хохирлоо Авдеевкагийн дэргэд амссаныг Британийн тагнуулын алба мэдээлжээ
Их Британийн батлан хамгаалах яамнаас нийтэлдэг тагнуулын албаны ээлжит тайланд Оросын арми Авдеевка хотын дэргэдэх тулаанд энэ оны хамгийн том хохирлоо амссан гэж дүгнэжээ.
Донецк мужийн энэ жижиг хот сүүлийн үед Украины дайны дорнод фронтын хамгийн халуун цэг болоод байгаа.
Оросын эрх баригчид уг хотыг эзлэхэд бүх анхаарлаа хандуулж, цэрэг зэвсгийн асар их хүч хаяж байна.
Аравдугаар сарын дундуур Авдеевкагийн дэргэд эхлүүлсэн “томоохон довтолгоо”-ндоо Оросын тал найм хүртэл тооны бригадын бүрэлдэхүүнийг оролцуулсан байх магадлалтайг Британийн тагнуулын алба мэдээлжээ.
Украины арми Бямба гарагт мэдээлэхдээ дайн эхэлснээс хойш Оросын арми нийтдээ 298,420 цэргээ алдсан бөгөөд сүүлийн нэг хоногт 740 цэргээ алдсан гэсэн байна. Уг тоо баримтыг гурав дахь эх сурвалжаар баталгаажуулах боломжгүй байгаа.
Ямартай ч Оросын арми Авдеевка орчимд асар их хохирол амсаж байж болзошгүй шинж тэмдэг ажиглагдаж байна.
“Оросын цэрэг-улс төрийн гол бэрхшээл дайны турш өөрчлөгдөөгүй, үргэлжилсэн хэвээр байна” гэж дээрх тайланд өгүүлжээ.
Гол бэрхшээлийг “Улс төрийн удирдагчид илүү их газар нутаг эзэлж авахыг шаардсан ч зэвсэгт хүчин нь үр дүнтэй байлдааны ажиллагаа явуулж чадахгүй байгаа” гэж тодорхойлсон байна.
Сүүлийн үед Ойрх Дорнодод дэгдсэн Хамас-Израилийн дайн Өрнөдийн орнуудын анхаарлыг Украинаас холдуулж, тусламж дэмжлэгийг сулруулж болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байгаа.
Украины гадаад хэргийн дэд сайд Микола Точицкий саяхан Газын зурваст өрнөж буй үйл явдал Оросын Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайны шууд үр дагавар болохыг тайлбарлажээ.
“Олон улсын энх тайван, тогтвортой байдалд Оросын үзүүлж буй аюул заналд харалган хандвал зөрчил мөргөлдөөн дэлхий дахинд өргөжихийг бид өмнө нь анхааруулж байсан” гэж тэр хэлсэн байна.
Оросын эрх баригчид Европ, Африк, Ойрх Дорнодод гибрид дайн, мөргөлдөөн дэгдээсээр ирсэн түүхтэйг Точицкий энэ үеэр ярьжээ.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн Бямба гарагт Беларусийн Белта агентлагт өгсөн ярилцлагадаа Израиль улсын Газын зурваст явуулж буй үйл ажиллагаа олон улсын дүрэм журмыг зөрчиж байгааг анхааруулсан байна.
“Бид хэдийгээр терроризмыг буруутгадаг ч олон улсын дүрэм журмыг зөрчсөн хүчирхийллээр терроризмтай тэмцэхийг шийдвэртэй эсэргүүцнэ” гэж Лавров хэлсэн юм.
Эх сурвалж: The Guardian