Украин: Тусгаар тогтнолынхоо төлөө "100" хоног

334

Хоёулаа манай түнш найрамдалт улсууд байлдаад “100 хоног” өнгөрчээ. Нэг нь тусгаар тогтносон, бүрэн эрхт хөрш рүүгээ халдан түрэмгийлээд “100 хоног”, түрэмгийлүүлсэн нөгөө тал нь түрэмгийллээс эх орноо хамгаалан байлдаад “100 хоног”. Нэг нь түрэмгийлж байна, нөгөөх нь эх орноо хамгаалж байна. Монголын хэвлэл мэдээлэлд Оросын талын мэдээллүүд түлхүү тавигддаг. Иймд мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины “unian.net” сайт, америкийн Дайн судлалын хүрээлэнгийн (The Institute for the Study of War) “Russian offensive campaign assessment, Jun 2, 2022” өгүүллээс түүвэрлэн хүргэе. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
 
Өнөөдөр Украин даяар тусгаар тогтнолынхоо төлөө байлдсаны 100 жилийн ойг гүн хүндэтгэлтэй, эмгэнэлтэй, бас ялалтын мэдээтэй тэмдэглэж байна. 
 
сонин mn
“100” дахь өдрийн байдлаар Дорнод Украины Северодонецк, Лисичанск хотуудын төлөө маш ширүүн байлдав. Оросын эзлэн түрэмгийлэгчид тэр хоёр хотыг авахын төлөө хамаг хүн хүч, байлдааны техникээ оруулжээ. Херсонд оросын цэргийн удаа дараагийн атакийг няцагаад, украины цэрэг контратакад орлоо. Оросын хувьд уйгагүй давшиж байгаа боловч хүчээ маш их барж, ялангуяа Северодонецк хотын 75% эзлэгдлээ гэсэн ч хүн хүчний асар их хохирол хүлээн зарим гудамж хорооллуудаас ухарч байна. Хэрэв тэр хотыг эзэлчихвэл Луганск муж бүхэлдээ оросын цэргийн хяналтад орох тооцоотой. Учир нь ОХУ-ын зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч В.Путинээс өгсөн маш хатуу шахуу үүрэг байна. Энэ нь 6 дугаар сарын 1 гэхэд Луганскийг, 7 дугаар сарын 1 гэхэд Донецкийн бүхэн эзлэн авсан байх тухай юм. Хоёр сарын 1-нээр тогтоосон энэ үүрэг нь цэргийн гэхээсээ улс төрийн агуулгатай, сарын эхний өдөр Орос даяар ялалтаа зарлах ёстой байсан ч байлдаж буй оросын цэргүүд дээд ерөнхий командлагчийнхаа үүргийг биелүүлж чадахгүй байна.   
  Северодонецкийг авсан ч бай, аваагүй байлдаж ч бай, ийм их хүчээ тэнд гарздах нь Орост өөрт нь тун ашиггүй юм. Дараа нь Донецк мужийн асар том нутаг дэвсгэрийг эзлэн авах цэрэг техник хүрэлцэх болов уу. Умард Донец мөрнийг гатлан Северодонецк-Лисичанскийг тойрон бүслэх, Лиманаас  Райгородок тосгоныг дамжин Славянскийг эзлэх гэх мэт том том зорилтууд оросын цэргийн өмнө байна. 
 
 
Гэтэл хохирол их амсаж, цэрэг дайчид нь сэтгэл санааны уналтад орсон байна. Украинд юунд ч ирэв, яагаад энд байгаа юм гэж оросын цэргийн албан хаагчид ар гэрийнхэнтэйгээ  ярьсан бичлэгүүд ил болжээ. Гэрээт цэргүүдтэй гэрээлэхдээ анхлан нэг сар, сунгаад хоёр сар, одоо нэг улирал дууссан, гэрээгээ сунгахгүй Оростоо буцая гэсэн хүсэлт өргөдөл Оросын командлалд олноороо очсоор байна. Фронтын энэ хэсэгт Орос онц их ач холбогдол өгч байгаад Херсон, Харьковт санаачилгаа алдсан, тэнд ухралт хийж, улмаар Херсон хотыг орхин гарахын наагуур байна.  Луганск, Донецк мужуудийг бүхлээр нь эзлэн авч ЛНР, ДНР гэгч тоглоомын БНУ-ууддаа нэгтгээд улмаар ард иргэдээр нь санал асуулга явуулсан болж ОХУ-ын нутаг дэвсгэрт нийлүүлэх далдын төлөвлөгөө бүтэл муутай 100 дахь хоног дээрээ иржээ.
  Украины хамгаалагчид газар бүрт оросын түрэмгийлэгчдийн эсрэг эрэлхэгээр байлдаж эх орноо хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлж байна. Байрлалаа алдахгүй хамгаалахын зэрэгцээ боломж гарвал контратак хийж оросын цэрэгт хохирол учруулсаар байна.
 
 
Оросын байлдааны тактикчид учраа олохгүй будилсаар байна. Украины зэвсэгт хүчинтэй байлдаж байгаа атал ихэнхи байлдаанаа зэвсэггүй украины энгийн иргэд рүү чиглүүлж тэдэнд эр зоригоо харуулах дайн хийж байна. “Украины иргэдийг хайрласандаа удаан давшиж, өөрсдөө их хохирч байгаа” тухай Оросын гадаад хэргийн сайд С.Лавров ярьсныг хоосон бялдууч үг гэж дэлхийн олон нийт хүлээн авчээ.
  Одоогоор Беларусиас Украины хилийн район, зарим хотууд руу их буу, град пуужингаар харваж байгаа нь Донбассаас украины цэргийг умард хил рүү татуулах, Хар тэнгис дэх байлдааны хөлөг онгоцноос Украины хотууд руу алсын тусгалт баллистик пуужингаар харваж сүйтгэж байгаа нь аль болох ард иргэдийг нь айлгах, залхаах, ард иргэд нь эрх баригчдаасаа ямар ч үнээр хамаагүй энх тайвны хэлэлцээ хийхийг шаардахад хүргэх тактик орос хэрэглэж байна.
 
 
Донбасс, Херсон, Николаев муж дахь дайны байдлыг ерөнхийд нь ажвал Орост оперативын бэлэн нөөц байхгүй болж байна. Нөөцөө бүрдүүлэхийн тулд цэрэг нэмж татах хэрэгтэй. Тэднийгээ наанадаж 1.5-2 сар бэлтгэх хэрэгтэй, тэднийгээ зэвсэглэнэ, байлдааны техникээр хангана. Тэгж байж байлдаанд бэлэн анги салбар буй болно. Гэтэл тэгэх боломж Орост алга байна. Тээврийн гол хэрэгсэл  авто машинаа 50% алдсан. Орчин үеийн дайны гол зэвсэг  цэц мэргэн пуужингаа 60% алдсан. Танкийн хохирол 1360-аас давж байна. Т-62 гэдэг хуучны танкаа дайнд оруулах гэтэл 10 танкны 1 нь хөдөлдөг, 9 нь асдаггүй. Тийм танкууд Украинд ирж байгаа боловч гэнэтийн цохилт амсан цуваагаараа сүйрсэн явдал гарчээ.
 
сонин mn
Дайны хор уршгийг арилгах их ажил Украиныг хүлээж байна. Орос цэрэг фронтын олон жигүүрийг орхиж хөөгдөж гарахдаа болон одоо байлдаж байгаа нутагтаа маш их мина булж орхисон мэдээлэл Украины ДХЯ-наас гаргажээ. Багцаалбал нийт 30 сая гаруй га талбайг минажүүлж орхисон гэжээ. Хар тэнгист хөвж яваа мина тусдаа өөр нэг ноцтой сэдэв аж.
 
Эхний ээлжинд Киев, Сум, Чернигов, Харьковын районд 2.7 сая га газрын минийн талбайг илрүүлж аюулгүй болгосон байна. Одоо Украин даяар оросын булсан мина ба минийн талбайг хэрхэх, хэрхэн амь нас эрүүл мэндээ хамгаалах, бусаддаа хэрхэн мэдээлэх, минатай тулгарбал яах тухай сургалт явуулж, түүнд нь сургуулийн сурагчид, насанд хүрсэн иргэд, тэтгэврийн хөгшид бүгд хамрагдаж байна. Гадаадын иргэдэд ч мина гэдэг сэдвээр хичээл заах ажээ.
 
Украинчууд эх орныхоо төлөө эрслэн босч эрэлхэгээр байлдсаны 100 дахь өдрөө тэмдэглэж байгаа бол харин Орост ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын хатуу даалгавар гарчээ. “Цэргийн тусгай ажиллагааны 100 дахь өдрийн сэдэв”-ийг хэвлэл мэдээллээр сурталчлахгүй, ач холбогдол өгөхгүй байхыг үүрэг болгосон ба оросын ард түмэн энэ дайн хэр удаа үргэлжилснийг мэдэхгүй, төсөөлөхгүй байх нь дээр гэж үзжээ. 
 
 
 
 
Англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn