SOS: Энэ утаа чинь "ЭРҮҮЛ БУС" байхад халаагуур тараагаад шийдэгдчих үү? тоггүй гал алдах гээд байгаагаа мартсан уу!

88


Дэлхийн хотуудын агаарын чанарыг бодит цагийн горимд хэмжиж харуулдаг Швейцарын IQAir группийн вебсайтад  Монгол улсын нийслэл Улаанбаатар хот хамгийн муу агаартай хотуудын тоонд багтдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар, дэлхийн хотуудын 15-т эрүүл бус агаартай улаан өнгийн түвшинд хүрснээрээ жагсжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдол ойрын өдрүүдэд илт мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг иргэд л олж хараад байгаа юм байх. Тэр дундаа утаагаараа ажлаа явуулах албан тушаалтнууд таг дуугүй л суудаг гээд хэлчихэд буруутахгүй. Өдгөө айл болгонд хатгаатай бага насны хүүхэд бий боллоо. Өвлийн улиралтай зэрэгцээд ханиад томууны өвчлөл ихэсдэг. Гэхдээ энэ ЭРҮҮЛ БУС утаа бяцхан үрсийн минь уушгинд хортой нөлөө үзүүлж ханиад нь маш хурдан хатгаа болгож буйг олон ээжүүд шаналалттай хэлж байна. Дүүргийн эмнэлгүүд ч ачаалалтай ажиллаж буй гэв.
Одоогоос таван жилийн өмнө, 2018 онд Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан түлш түлүүлж эхэлсэн. Өдгөө тэр түлшийг тав дахь өвөлдөө түлж байлаа. Тухайн үед, эхлээд түлж байхад Улаанбаатарын утаа яалт ч үгүй шингэрсэн гэдгийг иргэд хэлдэг. Харин угаартан амиа алдах иргэд, хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн. Тухайн үед мэргэжлийн химийн инженер нь шахмал түлшийг шатах явцдаа ямар химийн урвалд орж байгааг шинжлэх хэрэгтэй гэдгийг удаа дараа сануулж байсан ч тэгсхийгээд дуугүй болчихсон юм. Өнөө жилийн сайжруулсан түлш бол яалт  ч илтэд утаа, өмхий үнэр нийслэл хот даяар үнэртүүлж байгааг иргэд  дуу нэгтэй хэлсээр байгаа. Гэтэл эрх баригчдын зарим хэсэг нь  "утаа ялсан" гэж үзээд байгаа бололтой. 
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Утааг яллаа гэж яриагүй, 2020 оны өмнө утаа буурсан. Багануурын түүхий нүүрс түлж байсан үеэс утаа буурсан нь үнэн. Тухайн үед үр дүн гарсан. Нэг их наяд гэдэг дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ хэмжээний мөнгө бол өнөөгийн ханшаар 5000-6000 өрхийг орон сууцанд оруулах мөнгө. Өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний 196,000 орчим хэрэглэгч байна. Нэг хэрэглэгчийн цаана хоёр айл дамнан хэрэглэдэг гэж үзвэл 220-230 мянган айл гэр хороололд бий. Тэгэхээр үүнээс 6,000-ыг орон сууцанд орууллаа гэж бодоход гэр хороололд 214 мянган яндан үлдэж, утааг бууруулахад дорвитой үр дүн гарахгүй тул сайжруулсан түлш үйлдвэрлэх шийдвэр гаргасан юм билээ.Богино хугацаандаа түлшээ сайжруулаад, дунд, урт хугацаандаа бүх айлыг орон сууцанд оруулах, чадвал гаазжуулах байдлаар утааг бүрэн ялах байх.
Одоогийн хэрэглэж буй  хагас коксжих нүүрсээр хийсэн түлшийг 45 хоног түлэх туршилт хийнэ гэж хаврын чуулганаар хэлэлцсэн байдаг. Энэ үед УИХ-ын гишүүн Доржханд, "Ирэх жил сонгууль болно. Өвөл хүйтэн болдог гэдэг шиг өвөл утаа айсуй. Сонгуульдаа ялж л байвал бонд зарж өр тавиад ч хамаагүй, Хятадаас нүүрсээ өндөр үнээр буцааж аваад ч хамаагүй, намынхаа сайдын наймааг дэмжээд ч хамаагүй утааг дарсан баатар болж сонгуульдъя гэдэг зураг харагдаад байна. Гэтэл Улаанбаатар хотын бондыг авах дотоод зах зээл байхгүй. Гадагшаа заръя гэвэл ам.доллараар 10 хувиас дээш гарна. Асар их зардалтай гэсэн үг. Тэгэхээр хэнд зарах вэ. Өмнө сонгуулийн зорилготой гоё нэртэй хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нэг л байгууллага бий. Тэр нь Монголбанк. Мөнгө хэвлээд бол оо. Гэтэл үүнээс шалтгаалах үнийн өсөлт, ханшны алдагдлыг хэн үүрэх вэ. Ийм хөгийн луйврын схем, өөрийн уурхайн нүүрсийг урагшаа гаргаж угаалгах мэт бохир наймаа сэдэж байгаа бол Засгийн тэргүүн үүнийг зогсоох, хариуцлага тооцох шаардлагатай. Хэрэв тооцохгүй бол сонгуулиар иргэд тооцох болно" хэмээн байр сууриа илэрхийлж байсан удаатай. 
Ийм ЭРҮҮЛ БУС агаараар амьсгалж байхад утааг багасгасан гэвэл хэн ч ирэх сонгуульд ялахгүй шүү гэдгийг хэлье. Мөн Монгол улс цахилгаан эрчим хүчээ хэмнэхгүй бол өвөлжилт хүндэрч мэдэх аюултай нөхцөл байдалд байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа билээ. Гэтэл энэ цаг үед айлуудад цахилгаан халаагуур тараах юм байх.
37 тэрбумаар цахилгаан халаагуур тараана гэх асуудалд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд гэр хорооллын 5,000  байшин, 15,000 гэрт цахилгаан халаагуур тараах юм. Ингэхдээ цахилгааны хүчдэл унадаг гэх асуудлыг бүрэн шийдсэн байршилд тараахаар ярьж байгаа. Мөн давхар шаталттай зуухыг судалж байна. Он гарснаас хойш 59 хүн угаартаж нас барсан харамсалтай тоо бий.
Холбогдох байгууллагуудын дүгнэлт зуухны чанар, утаа их ялгаруулсан гэж гардаг. Иймээс өмнөх алдааг давтахгүйн тулд энэ асуудлыг судалж, иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж, зуух олгохоор судалж байна. Үүний цаана хүний амины асуудал бий. Утааг бууруулах дунд хугацааны бодлого бол орон сууцжуулах, эрчим хүч, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх юм.
Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч С.Ариунболд: Манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-7 хувиар тогтмол өсөж байгаа бөгөөд нийт үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 90.8 хувь буюу 7.42 тэрбум кВт.ц эрчим хүчийг дулааны цахилгаан станцаас хангаж, үлдсэн 9.2 хувь буюу нийт 748.9 сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг нар салхины 9 эх үүсвэрээр хангасан. Үндсэндээ дотоодын дулааны цахилгаан станцууд нөөц тоноглолгүй ажиллаж байгаагийн зэрэгцээ импортоор авч буй цахилгаан эрчим хүчний чадал тулсан, цахилгаан дамжуулах агаарын шугамаар дамжиж буй эрчим хүч нь авч болох дээд түвшиндээ хүрсэн. Өөрөөр хэлбэл, ойрын 2-3 жилд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй, үүнээс шалтгаалан хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй байдалд орж байгаа нь ойрын жилүүдийн гол тулгамдсан асуудал болоод байна. Ойрын тулгамдсан асуудал буюу шинэ эх үүсвэр ашиглалтад орох хүртэл өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг зохицуулахад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй 80МВт-ын хүчин чадалтай 200 МВт.ц багтаамжтай цэнэг хураагуурын станц гол үүрэгтэй оролцох хэдий ч оройн 17-22 цагийн оргил ачааллаас 80 МВт-аар 2 цаг гаруй хуваалцах төдий л техникийн бололцоотой юм. Тухайн нөхцөлд чадлын дутагдалд орохгүйн тулд хэрэглэгчдийг эрчим хүчээ хэмнэхэд уриалж, хэрэглэгчдийн дэмжлэгээр өвлийн оргил ачааллыг даван туулах шаардлага тулгарч байгаа.
Утаа ихтэй өдөр андашгүй өглөө гадаа гарч ирэхэд цэвэр агаар биш угаар үнэртэж хоолой, ам хорсдог гэдгийг иргэд андахгүй мэддэг, мэдэрдэг болсон.
Гэтэл саяханы манантсан утаатай өдрийн талаар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал: Нийслэл хот уулсаар хүрээлэгдсэн байршилтай. Өвлийн улиралд Азид Сибирийн хүйтэн агаарын урсгал орж ирдэг. Ингэхээр антициклон буюу агаар мандлын орчил хөдөлгөөн тогтуун, салхигүй байна гэсэн үг. Салхигүй байснаар Улаанбаатар хотод байгаа агаар бохирдуулагч эх үүсвэрээс гарч буй бодисууд агаарт замхрах процесс удааширна. 
Нийслэлийн дээр тогтсон хүйтэн агаарын зузаанаас хамаараад өглөөд гарсан бохирдуулагч бодисууд маань замхрах нь удааширч, хуримтлагдах нөхцөл үүсдэг. Өчигдөр болон өнөөдөр 80 орчим метр зузаан хүйтэн агаар тогтсон. Иймд яндангаас гарах утаа энэхүү хүйтэн агаарыг нэвтлэн гарах чадвар багасаж, хуримтлагдах байдал ажиглагдаж байгаа. Энэ бол цас, бороо ордог шиг байгалийн үзэгдэл
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn