Хэт барууны намыг эсэргүүцсэн жагсаал Герман даяар болжээ

208

БЕРЛИН, 2024 оны нэгдүгээр сарын 22 /DW/.
 Хэт барууны үзэл баримталтай “Германы төлөөх өөр сонголт нам”-ыг /AfD/ эсэргүүцсэн жагсаал цуглаанууд баасан гаргаас ням гараг хүртэл үргэлжилж, 1.4 сая орчим хүн оролцсон тухай зохион байгуулагчид нь мэдээлжээ.

Тодруулбал, баасан гарагт болон амралтын өдрүүдэд Герман даяар 100 орчим хот сууринд жагсаал цуглаан болсон байна. Ням гарагт Кельн, Мюнхен, Берлин зэрэг томоохон хотуудад жагсаал болжээ. Түүнчлэн Котбус, Дрезден, Хемниц зэрэг хотуудад жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Берлинд 100 мянга орчим хүн Бундестаг буюу парламентын доод танхимын ордны гадна цугласан байна.

Мюнхенд болсон жагсаалд 80 мянга орчим хүн оролцсон гэж цагдаа нар мэдээлсэн бол зохион байгуулагчдын мэдэгдсэнээр 200 мянган хүн жагсжээ. Хэт олон хүн цугларсан тул жагсаалыг зогсоож, оролцогчдоос тарахыг шаардсан байна. Үүний зэрэгцээ Кельн хотод 10 мянга орчим хүн жагссан гэж цагдаагийн эх сурвалжууд мэдээлжээ.

Герман даяар томоохон жагсаал боллоо

ARD телевизийн тооцоолсноор, бямба гарагт тус улсын хотуудад 250 мянга орчим жагсагч янз бүрийн уриа лоозон барин жагсжээ.

Бямба гарагт Франкфурт хотод 35 мянга орчим хүн “ардчиллаа хамгаалах” жагсаалд оролцжээ. Жагсагчид жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан төв талбай болон ойролцоох талбай, мөн тэдгээрийн хоорондох гудамжуудыг дүүргэн жагсжээ. Жагсаал тайван болсон гэж цагдаа нар мэдээлсэн байна.

Баасан гарагт Хамбург хотод болсон томоохон жагсаалд тооцоолж байснаас олон хүн оролцсон тул зогсоох шаардлагатай болжээ. Энэ жагсаалд 50 мянган хүн оролцсон гэж цагдаа нар мэдээлсэн бол зохион байгуулагчид 80 мянган хүн жагссан гэж мэдэгдсэн бөгөөд олон хүн ирж амжаагүй байхад жагсаал дууссан гэдгийг онцолсон байна. Бусад эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын тоог дурдвал, Кассельд 12 мянга, Дортмунд, Вупперталд тус бүр 7000, Карлсруэ хотод 20 мянга, Нюрнбергт 10 мянга, Халлед 16 мянга орчим, Кобленцэд 5000, Эрфуртад хэдэн мянган хүн цуглажээ.

Яагаад ийм олон хүн эсэргүүцлийн жагсаалд оролцов?

Хэт барууны үзэлт намыг эсэргүүцсэн жагсаал өрнөх болсны шалтгаан нь эрэн сурвалжлах Correctiv агентлагийн нэгдүгээр сарын 10-нд цацсан мэдээллээс үүдэлтэй юм. Уг мэдээнд, AfD-ын гишүүд 11 дүгээр сард Потсдам хотод хэт давруу үзэлтнүүдтэй уулзаж, цагаачид болон “нийгэмд дасан зохицож чадаагүй иргэдийг” хөөн гаргах талаар ярилцсан болохыг илчилжээ. Түүнчлэн уулзалтад сөрөг хүчний гол нам болох консерватив Христийн Ардчилсан холбооны /CDU/ гишүүд ч мөн байлцсан гэх мэдээлэл бий

Цагаачид болон цөөнхүүдийг хөөн гаргах талаар ярих үед зөөлрүүлсэн хэллэг болгон ашигладаг “remigration”-ын асуудлаар уулзалтанд оролцогчид ярилцжээ.


AfD намын нөлөө хамгийн их байдаг зүүн Германы гурван томоохон бүс нутагт явуулсан санал асуулгаар тус намын нэр хүнд өндөр байгаа энэ үед дээрх уулзалтын талаарх мэдээ олон хүнийг цочирдуулсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаалд Канцлер Олаф Шольц оролцож үг хэлэхдээ, цагаачид ба иргэдийг хөөн гаргах аливаа төлөвлөгөө нь “манай ардчиллын эсрэг, бид бүгдийн эсрэг халдаж буй явдал” гэж мэдэгджээ. AfD-ынн зүгээс дээрх хурал гишүүд нь оролцсоныг баталсан боловч цагаачлалын тухай саналдаа Германы харьяат иргэдийг оруулаагүй гэж мэдэгдсэн байна. Харин Германы харьяатуудтай холбоотой саналыг Австрийн хэт барууны үзэлт Мартин Селнер /AfD-ын гишүүн биш/ дэвшүүлжээ.


Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn