Парист үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал болжээ

302
Ням гарагт Францын нийслэл Парис хотод амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал болжээ. Уг жагсаалыг Жан-Люк Меланшоны зүүний үзэлт “Ялагдашгүй Франц”, “Европ-Экологи-Ногоонтнууд”, Социалист нам болон үйлдвэрчний хэд хэдэн байгууллага, холбоод зохион байгуулсан байна.  Жагсаал орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд Үндэстний талбайгаас эхэлжээ. Жагсагчид үнийн хөөргөдлийг, ялангуяа цахилгаан эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг, түүнчлэн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцсэн байна. 
Жан-Люк Меланшоны хэлснээр, Францын нийслэлийн гудамжинд 140 мянган хүн жагсжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний дараагийн үе шатуудын нэг нь 10 дугаар сарын 18-нд болох бүх нийтийн ажил хаялт гэж Меланшон мэдэгдсэн байна. 
Жагсаалын үеэр үймээн самуун дэгдээх оролдлого гарч, хар хувцастай маск зүүсэн залуус нэгэн банкны цонхыг хагалснаас гадна, “MacDonald`s” түргэн хоолны сүлжээ халдлагад өртжээ. Цагдаа нар үймээн гаргагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Цагдаа нар тайван жагсагчдын дунд хэт зүүний үзэлтнүүд болон "шар хантаазтанууд"-аас бүрдсэн 400 орчим үймээн самуун дэгдээгчид байгааг урьдчилан харсан гэж “Le Figaro” сонин цагдаагийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлжээ.  

Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn