Суудлын дон
Монголчууд эртнээс унах унаа, сэлгэх хүлэгтэй байхыг амьдралын чухал үзүүлэлтэд тооцож, явган яваа нэгнийг гахай явган нохой нүцгэн, хоёр зээрдээрээ таваргаж явна гэх зэргээр ёжилж ирсэн.
Улмаар “алга дарам, атга сөөм” газрыг ч морьтойгоо туулж, айл саахалтынхаар ч явган буудаггүй байв. Үр хүүхдээ ч энэ философиор өсгөж, “үнээтэй ядрахаар унаатай ядар” гэж сургаж ирсэн.
Харин нийт газар нутгийнхаа 0.3 хувьд хүн амын талаас илүү нь шахцалдан амьдарч байгаа өнөөгийн нийгэмд түмэн зовлонгийн нэг шалтгаан нь дээрх хийрхэл болж хувирлаа. Нийтийн тээврийн хүртээмж, зогсоолын хүрэлцээ, таксины стандарт, жолоочийн ёс зүй болон асуудлын манлайд нэрлэгддэг автозамын хэрсэн түгжрэл зэрэг нь цөм сандал сандайлж, ямар нэг унаагаар хөл залгах гэсэн монгол хүний өнөөх хүслийн төлөөс юм. Унаа хөлөглөж, урдхаа бүтээх тус хүсэл нь нийгэмд төдийгүй бидний эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлж буй.
Алхах алс зуршил
Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой. Өөрөөр хэлбэл, тухайн насны нийт хүн амын 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй аж. Үүний улмаас 49.4 хувь нь илүүдэл жин буюу таргалалттай байгааг мэргэжлийн байгууллагын судалгаанд өгүүлжээ. Монголчуудын алхах дадал мэдээж дэлхийн дунжаас бага. Бид өдөрт дунджаар 2737 алхам алхдаг бөгөөд 18-69 насны нийт хүн амын ердөө 4.9 хувь нь л ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж өдөрт 10 мянгаас дээш алхдаг аж (Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тогтоох үндэсний судалгаа). Харин америк хүн дунджаар өдөрт 3-4 мянган алхам хийдэг аж. Мөн дэлхий нийтэд тренд болоод буй алхалтын тоо хэмжигч багаж хэрэгслийг манай улсын хүн амын 76 хувь нь ашигладаггүй болохыг тус судалгаанд өгүүлжээ.
Уг нь алхалт чухал болохыг нийт хүн амд таниулж, сурталчлах ажлыг холбогдох байгууллагууд хэд хэдэн удаа зохион байгуулсан. Хамгийн сүүлд Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя” уриан дор “Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” сэдэвт алхалтын арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд ойлголт өгөв. Мөн монгол залуучууд “Alhay” нэртэй гар утасны аппликейшн зохион бүтээж, ЭМЯ, НЭМҮТ, ЗГТА-БТСУХ, ДЭМБ хамтран “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя” уриан дор “Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног” болон “Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” алхалтын сарын аяныг тус тус зохион байгуулж байсан. Гэсэн ч нүүдэлчин монголчуудын унаа хүлэггүй зан хувирахгүй хэвээр л байна.
Алхам
Дэлхий нийт алхах дадал амьдралын чанараа сайжруулж, насжилтаа уртасгаад зогсохгүй агаар, орчныг ч эрүүлжүүлж байгааг судалж тогтоогоод нэг жарныг өнгөрөөсөн байна. Алхах нь эрүүл мэндэд нэн тустай гэдгийг анх Кюшүгийн анагаах ухааны их сургуулийн профессор Хатано Ёширо 1960 онд тогтоосон байдаг. Тэрээр насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 3500–5000 алхам алхдаг гэдгийг нотолсон бөгөөд алхмын тоог 10 мянган болгох нь эрүүл мэнддээ оруулж буй чухал хөрөнгө оруулалт гэдгийг онцолж эхэлсэн. Түүний дэвшүүлсэн санааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын эрүүл мэндийн байгууллагууд дэмжиж, нэг өдөрт хамгийн багадаа 10 мянган алхам буюу өдөрт есөн километр алхах нь олон давуу талтайг өгүүлэх болсон. Түүнээс хойш Япон тэргүүтэй Азийн улс орнууд “10 мянган алхам” гэх хөдөлгөөн өрнүүлж, алхах дадлыг ард нийтээрээ төлөвшүүлж эхэлсэн юм. Үүний үр дүнд дундаж наслалт нэмэгдэж, иргэдийн амьдралын хэв маяг эрүүлжиж эхэлсэн байна.
“Эрүүл” орлого
Технологи “ноёлж” буй өнөөгийн нийгэмд алхалтыг төрөл бүрээр хэмждэг болсон төдийгүй алхаж, эрүүл мэнддээ болон байгаль экологид хөрөнгө оруулсан иргэдийг урамшуулдаг төрөл бүрийн систем бий болсоор буй. Тухайлбал, CashWalk, StepBet, Miles зэрэг олон төрлийн гар утасны аппликейшн алхам хэмжигч функцыг нэвтрүүлээд зогсохгүй алхсан хэмжээгээрээ зоос цуглуулах боломжийг хэрэглэгчдэд олгож буй. Хэрэглэгч цуглуулсан зоосоороо Amazon болон бусад цахим дэлгүүрүүдээс худалдан авалт хийх боломжтой аж. Зарим аппликейшн нь төлбөрийн карт руугаа мөнгө болгож шилжүүлэх бололцоог нь хангажээ. Эдгээрээс гадна дэлхийн хэд хэдэн оронд оюутан, сурагчдад алхах дадал төлөвшүүлэх зорилгоор хичээлийн программд нь үүнтэй холбоотой агуулга тусгах болжээ. Тухайлбал, БНХАУ оюутан, сурагчдад алхаж, алхсан алхмаа хэмжих байдлаар нэмэлт оноо цуглуулах боломж олгодог төдийгүй хичээлийн төлөвлөгөөнд нь тусгаж, алхалтын ач тусыг залууст ойлгуулахыг эрмэлздэг байна.
Дадал
Зөв алхалт тогтмол хийснээр өвчний 90 хувь эдгэрдэг гэдгийг зарим судлаач өгүүлдэг. Бүх өвчний 90 хувь нь бүрэн эдгэрнэ гэх дээрх таамаг эцэслэн батлагдаагүй ч алхалт эрүүл мэндэд нэн тустай нь судалгаа болон практикаар тогтоосон. Тогтмол алхсанаар, альцгеймерийн өвчнөөр өвчлөх магадлал багасдаг бөгөөд серотонин буюу стрессийн эсрэг даавар, хайрын даавар гэж нэрлэдэг окситоцин дааврууд ялгардаг байна. Улмаар аз жаргал, баяр хөөр мэдэрч, өөдрөг үзэл төлөвшинө. Түүнчлэн цусны эргэлт сайжирч, мэдрэлийн эсийн тоо ч нэмэгдэх ач холбогдолтой.
Техник
Эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийхийн тулд зөв алхалтын техникт суралцах шаардлагатай. Толгойгоо аль нэг тийш хазайлгахгүй, эгцэлж, цээжээ цэх барьж сурах нь чухал. Мөн алхах үедээ биеэ эгцлэхээс гадна гэдсээ бага зэрэг татаж, булчингаа чангалж явах нь зүйтэй. Ингэснээр нурууны булчин чангарч, бүсэлхий нарийсдаг аж. Мөн гарын атгалтаа зөөлөн байлгаж мөр, гараа сул чөлөөтэй, урагш, хойш савж алхахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Алхалтад амьсгал ч чухал нөлөөтэй. Амьсгалаа авахдаа нэг удаа, гаргахдаа хоёр удаа эсвэл хоёр тасалж амьсгалаа аваад хоёр тасалж гаргах зэргээр амьсгалаа хуваарилах нь зүй. Тухтай гутал, хувцас зэхэх нь ч алхалтын чухал хэсэг юм.
Сэвшээ салхи үе үе сэвэлзэх зуны орой дуртай дуугаа тултал чангалаад, тухтай гутлаа зэхэж өмсөөд, зорьсон зүг рүүгээ яаран алхах юутай таатай. Алхах зуур бодол хийгээд сэтгэлээ цэгцэлж, өдрийн турш санаанд хурсан уй, гуниг ч сарних шидтэй. Энэ мэдрэмж, тэр хэмнэлийг мэдэрч амжаагүй бол уугуул, ужиг араншингаасаа ангижирч, өөртөө төдийгүй эх дэлхийдээ хөрөнгө оруулалт хийх нь зүй.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл