Үнэ ханш: Ноолуур килограмм нь 160-180 мянган төгрөгийн үнэтэй байна
Өнгөрсөн жил нэг кг ноолуурын үнэ 180 мянган төгрөг болтлоо өссөн ч, эргээд үнэ нь унаад байсан “Эмээлт” захад энэ жилийн ноолуурын үнэ тодорхой гараагүй байгаа гэнэ. Одоогоор ноолуураа эрт авч эхэлсэн ченжүүд 160-180 мянган төгрөгийн ханш тогтоод байгаа аж.
Монгол Улс дэлхийн хэмжээнд ноолуурын нөөцийн 40 хувийг бэлтгэдэг. Үүнийг дагаад малчид нийт орлогынхоо 60-70 хувийг ноолуураас бүрдүүлдэг учир хямд биш үнэд орсон цагт нь худалдахаар "хав дарах" нь бий. Тиймээс ноолуурын эрэлт дөнгөж эхэлж, үнэ ханш нь тогтоогүй байгаа энэ үед малчид самнасан ноолуураа зарах хүсэлгүй байдаг аж.
Цаг агаар хүйтэрч, ихэнх нутагт цагаан, харын зуд болсон учир мөнгөгүй болсон малчид ноолуураа орон нутгийн ченжүүдэд өгч байгаа талаар “Эмээлт” захын ченжүүд учирласан юм. Мөн тэд "Зудтай холын аймгуудаас килограмм ноолуураа үнэд хүргэх гээд унаа, түлшнийхээ зардалд "шатаж" байхаар гэрээсээ ноолуураа зарах нь илүү дээр. Бидний хувьд килограмм ноолуурыг очиж авбал 140-150 мянган төгрөгөөр авч байна. Нэг өдрийн дотор ханш нь унах эрсдэлтэй учир их хэмжээний ноолуур хадгалаад байх боломжгүй. Тиймээс дотоодын үйлдвэрүүд хэзээ авах бол гэж хүлээлгүй Хятад руу хурдан гаргахыг хичээдэг” гэлээ.
Бидний хувьд килограмм ноолуурыг очиж авбал 140-150 мянган төгрөгөөр авч байна. Нэг өдрийн дотор ханш нь унах эрсдэлтэй учир их хэмжээний ноолуур хадгалаад байх боломжгүй
Малчдад жилдээ бэлэн мөнгөтэй болох үе хоёр удаа тохионо. Нэг нь өвөл мах хөлдөж эхлэх үеэр идэшний зориулалтаар малаа борлуулах, хавар нь ямаагаа самнаж ноолуур авах. Махны ханш сайн малаа боломжийн үнээр худалдаж чадсан үед тухайн мөнгө хавар ноолуур гартал амь амьжиргаа залгуулчихна. Мөн ноолуураа ч гэсэн сэтгэл ханамжтай үнээр өгчихвөл махны үе хүртэл ахуй асуудлаа болгочихно л гэсэн үг.
Ноолуур борлуулж буй Булган аймгийн малчин " Би энэ жил 100 гаруй килограм ноолуур авчирсан. Ноолуурын үнэ судлаж жаал явлаа. Ерөнхийдөө бол 160-180 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ ченжүүд яаж, хийж байгаад л 160 мянгаар авах гээд зүтгэх байх. Энэ жил хувьд манай нутагт цас ихтэй байна. Хэдий тийм ч гэлээ мал тараг хүчээ алдаагүй байгаа” гэлээ. Үүнээс гадна, тус төвийн худалдаачид худалдан авалт сайн өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөл хөдөлгөөн ихтэй байгааг хэлж байв. Мөн орон нутгийн худалдаачид ноолуураа авчин ирсэн харагдана.
2023 онд ноолуур экспортлогч компаниудын гүйцэтгэлийн болон гадаад худалдааны төлбөр тооцооны эрсдэлийг бууруулах, барьцаа хөрөнгийн хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор экспортын гэрээ болон агуулах дахь түүхий эдийн үлдэгдлийг барьцаалж экспортын зээл авах, экспортын даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг туршин нэвтрүүлэх, мөн үйлдвэрлэгчдэд олгох зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 13.0 нэгж хүртэл хувийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх зэргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд нар даалгалж байсан билээ.
“Эмээлт” захын ченж “Олон улсад жилдээ 20-22 мянган тонн ноолуур бэлтгэдэг гэж үзэхэд тэрний ойролцоогоор 45 хувь нь Монголоос гарч байгаа. Гэхдээ жилийн эцсийн ноолууран бэлэн бүтээгдэхүүний тав хүрэхгүй хувь Монголоос гарч байгаа. Гэхдээ эцсийн бэлэн бүтээгдэхүүн хэний гар дээр очиж байгаа нь хамгийн чухал. Үл мэдэгдэх брэнд, үл мэдэгдэх дэлгүүр, сүлжээ рүү манай бүтээгдэхүүн гулсаж ороод, яаж байгаа нь мэдэгдэхгүй болчих гээд байгаа юм. Тэгвэл бид ямар зах зээлийн шалгуурыг хангаж байгаа, энийг өргөсгөх, худалдан авагчаа татах боломж байна уу, гэвэл үгүй. Тухайлбал “Эмээлт” захад маш олон ченж бий. Тэд ноолуур худалдан авч хаашаа нь нийлүүлдэг нь тодорхойгүй шүү дээ. Яах вэ ихэнх нь гадагшаа л гарч байгаа биз” гэв.
Үүнээс гадна, тус төвийн худалдаачид худалдан авалт сайн өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөл хөдөлгөөн ихтэй байгааг хэлж байв.
Монголын ноос, ноолуурын холбооноос өгсөн мэдээллээр “Ноолуурын үнэ дэлхийн зах зээлийн үнээс шууд хамааралтай байдаг. Эрэлт, хэрэгцээ их байвал мэдээж үнэ өндөр байна. Өнгөрсөн жилийн хувьд самнасан ноолуурын үнэ харьцангуй өссөн. Энэ жил ч мөн эерэг хүлээлтүүд байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд ноолуурыг зах зээлийн үнээр л авдаг. Харин зах зээлийн үнэтэй уялдахгүй хатуу үнийн босго тавьснаар малчдад ч, үйлдвэрлэгчдэд ч ашиггүй байсныг 2020-2021 оны гашуун туршлага харуулсан. Энэ жил үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, ноолуурын салбарт эерэг хандлагууд гарна гэдэгт итгэлтэй байна. Бидэнд нэн тэргүүнд ноолуурын салбарын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд эрхзүйн оновчтой зохицуулалт, цогц бодлого зайлшгүй шаардлагатай байгаа” гэсэн юм.