Хуулиа мөрддөггүй Н.Цэрэнбатыгаа МАН яах бол...
УИХ-ын гишүүн болох мөрөөдөлтэй олон хүн өнгөрсөн 4 жилийн хугацаанд өөрсдийн тойргоо усалж, гүйсэн. Харамсалтай нь УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн тойргоор зохион байгуулах болсон нь цөөнгүй хүнийг сандаргаж байна.
Тэдгээр сандрагсдын нэг нь БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат. Мань хүн өмнө нь Увс аймгаас сонгогдож, өнгөрсөн удаа намынхаа Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрт бөөрөлхүүлээд гишүүн болж чадаагүй.
Гэсэн ч МАН-ынхандаа гомдоллож явсаар олон ч байгууллагын даргын сэнтийд заларсан.
Харин энэ удаа ганц Увс аймгийнхнаа “усалдаг” байсан түүний хувьд Ховд, Говь-Алтай, Завханы сонгогчдыг давхар “тойглох” шаардлагатай болчихсон. Гэхдээ бусдыгаа бодвол үүрэгт ажлаа хүлээлгээд өгчихсөн учраас хэрхэн өөрийгөө таниулах учраа олохгүй эцэст нь хууль зөрчиж явна.
Тэр Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг бараадан “Бүсчилсэн хөгжил” Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг танилцуулах уулзалтад “тууж” явах юм.
Э.Болормаагийн хувьд аймгийн Засаг дарга буюу Баруун бүсийн зөвлөлийн дарга гэж явдаг учраас Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах нь түүний үүрэг.
Харин Н.Цэрэнбатын хувьд одоогоор хэн ч биш. Ердөө л МАН-аас УИХ-ын хоёрдугаар тойрогт нэр дэвшихийг горилогч. Тийм байтлаа сурталчилгааны уулзалт хийж яваа нь Сонгуулийн тухай хууль зөрчиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Н.Цэрэнбат УИХ-д залрахын тулд хууль, дүрэм, журмыг зөрчиж дархан эрх эдлэхийг хүсэж байна гэсэн үг. Нэгэнт хууль зөрчсөн нь илэрхий болсон энэ хүнээ МАН арай ч нэр дэвшүүлэхгүй байлгүй дээ.
https://erennews.mn/article/64266#