Мэддэг ч үйлддэггүй

162

Уриныг урин хавар ирсэн ч олон өнгө нь нэг л ирж өгдөггүй. Цас ороход цагаанаар будагдаж, салхи шуурга, зэврүүн салхи, хүйтэн бороонд саарал өнгөөр зүсээ хувиргаж, цаанаа л нэг дүнсгэр. Өнгө алагласан зуныг гүйцдэггүй юм аа гэхэд хавар уг нь ийм өнгөгүйсэн... Хаврын адаг сар хариугүй шувтарч, зуны эхэн сар гарах дөхсөн ч байшин суурингийн булан тохойд хунгарласан бяцхан цас хайлж амжаагүй харагдах...
Сошиал сүлжээнд “Дөрөвдүгээр сар гарснаас хойш таван удаа өвөл, 10 удаа хавар, таван удаа зун болоод байна” хэмээн маазрах. Эс бөгөөс “Тэнгэр шиг бай л гэх юм. Тэнгэрийнхээ байж байгааг хараач” хэмээх.
Гэхдээ санаашрал болон маазралын аль, алиныг нь бидэнд өгч буй энэ хавар олон ааштай болсонд, өөрсдөө буруутайгаа бас мэддэг.
Учир нь Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс явуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх монголчуудын мэдлэг, хандлага, дадал болон мэдээллийн хэрэглээний судалгаанд өгүүлснээр монголчууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар ойлголт харьцангуй сайн буюу 67.3 хувь нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар сонссон байна. Бараг тал хувь нь буюу 46.6 хувь нь уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 10 жилд тэдний амьдрал, амьжиргаанд нөлөөлсөн гэж хариулжээ. Мөн, судалгаанд оролцогчдын ихэнх нь уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа болохыг бүрэн (84 хувь) хүлээн зөвшөөрч байна.
Дэлхийд нөлөөгүй ч өөрсдөдөө хэт нөлөөтэй
Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийг дэлхийн дахинаа ялгарч буй хүлэмжийн хийтэй харьцуулахад ердөө 0.1 хувийг эзэлж байна. Манай улс 30.9 тонн хүлэмжийн хий ялгаруулж буй бөгөөд мал аж ахуй, эрчим хүчнээс хамгийн их ялгарчээ. Тодруулбал, мал аж ахуйгаас 16.4 тонн, эрчим хүчнээс 11.9 тонн ялгарч буй. Хэдийгээр бид дэлхийд нөлөөгүй ч далайд гарцгүй, хөгжиж буй орны хувьд Монгол Улс цөлжилт, усны хомсдол, хур тунадасны хэмжээ өөрчлөгдөх, улирлын чанартай цаг агаарын эрс тэс үзэгдлүүд зэрэг бусад улс орнуудад ч тохиолдож буй цаг уурын эрсдэлт хүчин зүйлүүдтэй тулгарч байна. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай агаарын температурын жилийн дундаж 2.25-аар нэмэгдсэн. Энэ нь дэлхийн өөрчлөлттэй харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Мөн манай улсад тохиодог хүчтэй салхи, цасан шуурга, аадар бороо, аянга цахилгаан, үер, ой хээрийн түймэр, ган зуд зэрэг гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.
Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс явуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх монголчуудын мэдлэг, хандлага, дадал болон мэдээллийн хэрэглээний судалгаа
Уур амьсгалын өөрчлөлт ирэх хэдэн арван жилийн хугацаанд эрчимжих төлөвтэй байгаа бөгөөд энэ нь хүн, байгалийн харилцаа хамаарал, зүй тогтолд ихээхэн нөлөөлөхөөр байна. Ялангуяа, Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихсэж, цөлжилт, усны хомсдол, хур тунадасны хэмжээ өөрчлөгдөх, цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн давтамж нэмэгдэх зэрэг үзэгдэл аль хэдийнэ үүссэн.
35.9 хувь: Монголын иргэд өөрсдөө уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байна
Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс явуулсан судалгааг Улаанбаатар хот болон 13 аймгийн 2804 (үүнээс 51.9 хувь нь эмэгтэй, 48.1 хувь нь эрэгтэй) иргэнээс 2022 оны 9-11 дүгээр сарын хооронд биечилсэн байдлаар цуглуулжээ. Иргэдийн уур амьсгалын талаарх ойлголт сайн буйг эхэнд өгүүлсэн. Гэсэн ч хот, хөдөөгийн аль алинд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх иргэдийн мэдлэг, хандлага, дадал тааруу байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын ердөө 23.6 хувь нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгээ хангалттай гэж үнэлж, 6.8 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд аж үйлдвэржсэн орнууд нөлөөлж байгаа тухай дурдсан байна. Харин 35.9 хувь нь Монголын иргэд өөрсдөө уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байна гэж үзжээ.
Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөгч гол зүйлс нь үйлдвэрлэлийн буруу үйл ажиллагаа, ой мод огтолж тайрах, хог хаягдлын буруу менежмент зэрэг аж ахуйн нэгж болон иргэдийн сонголт, үйл ажиллагаанаас хамаарсан зүйлс болохыг дурдаж байлаа. Мөн, таван хүн тутмын нэг нь (22.5 хувь) уур амьсгалын өөрчлөлт бол далдын хүч, байгаль эх шийтгэж буй дохио гэж үзэж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь ноцтой асуудал болохыг монголчууд ухамсарлаж байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын 92.7 хувь нь уг асуудалд санаа зовниж, цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслээр (85.1 хувь) энэ талаар илүү их мэдээлэл авах сонирхлоо илэрхийлжээ. Уур амьсгалд нөлөөлөгч эдгээр зүйл цаашид үргэлжилбэл тэдний амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэж мөн хариулж.
Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс явуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх монголчуудын мэдлэг, хандлага, дадал болон мэдээллийн хэрэглээний судалгаа
Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжих эсэх нь иргэдийн тэр талаарх мэдлэг, мэдээллийн түвшин, уур амьсгалын өөрчлөлт тэдний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлөх тухай ойлголтоос ихээхэн хамаардаг.
76.9 хувь нь гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй
Судалгаанд оролцогчдын ихэнх нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар ойлголттой, харьцангуй эерэг хандлагатай байсан ч, дөрөвний нэг хүрэхгүй хувь нь л гамшгаас хамгаалах арга хэмжээ авсан байна. 76.9 хувь нь сүүлийн хэдэн жилд ямар ч арга хэмжээ аваагүй. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан иргэдийн ихэнх нь өмнө нь гамшигт өртөж байжээ. Цаашилбал, ердөө цөөн тооны хүмүүс (9.9 хувь) уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг шийдвэрлэхэд чиглэсэн стратегийн талаар мэддэг гэж хариулжээ. Энэ нь монголчуудад өөрийгөө, өрх гэрээ, олон нийтийг хамгаалахад шаардлагатай мэдлэг дутмаг байгааг харуулж байна. Ихэнх хүмүүс уур амьсгалын өөрчлөлт нь ус, цахилгааны хэрэглээ, нүүрс түлэх зэрэг өдөр тутмын үйлдлээс үүдэлтэй гэж үзэж байна. Гэвч, судалгаанд хамрагдсан эмзэг бүлгийнхэн гэр бүлээ тэжээхийн тулд нүүрс түлж халаалтын зардал хэмнэх, байшингаа дулаан байлгахын тулд цахилгааны төлбөр их төлөх, нялх хүүхдүүдээ дулаацуулахын тулд цахилгаан тень тавих нь тэдэнд хүндээр тусдаг болохыг илэрхийлжээ.
Эмэгтэйчүүд илүү санаа зовж байна
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголт, дадлын хувьд эмэгтэйчүүд, эрчүүд хоорондын ялгаа харьцангуй бага байна. Гэхдээ, эрчүүдээс илүү эмэгтэйчүүд нь уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовж байжээ. Эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтөд илүү санаа зовдог ч, тэр талаарх тэдний субьектив үнэлгээ илүү доогуур, цаашид уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, ур чадвар эзэмших хүсэл нь илүү өндөр байна. Өдөр тутмын дадлын тухайд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн туршлага ихээхэн ялгаатай байсан аж. Эмэгтэйчүүдийн хувьд дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүн хэрэглэх, усны цорго хаах, цахилгаан хэрэгслийг салгах, нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн бага хэрэглэх зэргээр байгаль орчныг хамгаалах өдөр тутмын дадлыг сурталчлахад илүү эерэг үүрэг гүйцэтгэж байна. Улмаар, эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтөөс бий болох хохирлоос урьдчилан сэргийлэх, нөлөөг бууруулахын тулд зохих арга хэмжээ авах талаар мэдлэг, байгалийн гамшгаас өөрсдийгөө хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан туршлага бага байгааг мөн өгүүлжээ. 
Арван жилийн мөчлөгөөр тохиолддог байгалийн үзэгдэл
Хөдөө, орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, үр дагаврын талаарх мэдлэг бага, дэлхий дахин болон Монголд уур амьсгалын өөрчлөлт болохгүй гэдэгт итгэх магадлал өндөр байна. Хэдийгээр тэд байгалийн янз бүрийн өөрчлөлтийг илүү анзаарч, байгалийн гамшигт илүү их өртөж байсан ч, энэ нь ихэвчлэн арван жилийн мөчлөгөөр тохиолддог байгалийн үзэгдэл гэдэгт итгэх хандлагатай байгаа нь харамсалтай. Гэхдээ, тэд байгаль орчны өөрчлөлтийн сөрөг нөлөө, тэр дундаа, амьжиргаанд нь ихээхэн нөлөөлж байгаагаас улирлын шинж чанарын өөрчлөлтөд илүү санаа зовж буй ажээ. 
Хамгийн бага санаа зовж буй нь залуус
18-24 насны залуучууд бусад насныхантай харьцуулахад “уур амьсгалын өөрчлөлт” гэсэн нэр томьёог илүү сонсож, уур амьсгал өөрчлөгдөж байгаад илүү итгэж байна. Гэхдээ, тэд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага санаа зовж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаарх нэмэлт мэдлэг, ур чадвар эзэмших сонирхол бага байна. Тун бага хувь нь уур амьсгалын өөрчлөлтийг улс орны тулгамдсан асуудал гэж үзжээ. Энэ нь тэднийг улс орны бодлогод нөлөөлөх дараа үеийн сонгогчид болохынх нь хувьд онцолж, хандлагыг нь өөрчлөх чухал шаардлага байгааг харуулж байна хэмээн судлаачид дүгнэжээ. 
Энэ бүхнийг эцэст нь дүгнэн харвал бид мэддэг ч огт үйлдэл хийхгүй, бүр хийхийг ч хүсэхгүй байна. Гамшигт өртсөн өрхүүд л өөрсдийгөө хамгаалж. Харин бусад нь гамшигт өртөхөө хүлээж юуг ч бэлтгэхгүй сууна. Мэддэг ч үйлдэхгүй байгаа бидний хандлага ирээдүйг улам л дордуулах нь.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn