Сонгуулийн өмнө төрөх хууль: Г.Занданшатарын ангийнхан нийт 113 хуулийн төслийг эцэслэн баталлаа

179

УИХ-ын сонгуулийн жилд чуулганыг нэг сарын хугацаатай завсарлуулж болно гэж хуульд заасан байдаг.  Энэ дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үндэслэн чуулганыг долоодугаар сарын 1-нийг хүртэл нэг сарын хугацаатай түр завсарлуулах захирамж гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр мэдэгдлээ.
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр 21 хууль түүнийг дагалдан боловсруулсан 92 хуулийн төсөл буюу нийт 113 хуулийн төслийг эцэслэн баталлаа. “Энэ удаагийн хаврын ээлжит чуулган 58 өдөр хуралдаж, 247 хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна.
Найм дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган зохион байгуулж, 157 бие даасан хууль, 2.116 хуульд нэмэлт өөрчлөлтийг баталлаа хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. УИХ-ын чуулганыг түр завсарлуулж байгаатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  чуулганы хуралдаанд оролцож байр сууриа илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ парламент маш онцлогтой байлаа. Ерөнхий сайдаар томилогдох үед парламент хуралдаж чадахгүй байсан. Бүгд масктай, шилэн хоргоны цаанаас харилцдаг, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эдийн засаг -4.7 хувь, улсын төсөв 30 орчим хувиар тасарсан байсан. Цар тахлыг даван туулах Засгийн газрын бодлогыг УИХ дэмжиж ажилласан. Ингэж чадсаны хүчинд цар тахлыг давлаа. Үүний хүчинд хоёрдугаар сарын 14-нд цар тахлын хамгийн сүүлчийн хязгаарлалтыг цуцалж, олон нийтийн олон үйл ажиллагаа нээгдэж байсан.  Азидаа цар тахлыг давсан анхны улс боллоо гээд уулзаж байв. Харамсалтай нь, хоёрдугаар сарын 24-нд Орос, Украйны дайн эхэлсэн. Наранцэцгийн тосноос эхлээд нефть шатахууны тасалдал бий болсон.  Засгийн газраас УИХ-д Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг оруулж ирсэн.
Ингэснээр шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсан. Боомтуудаа нээх, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах. Валютын нөөц хүнд болсон байсан, Оюу толгойн гүний уурхайг эхлүүлэх, хуримтлагдсан өрийг цуцлах, гацсан төслөө урагшлуулснаар валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж гарсан. Олон жил бугшсан авлигын асуудалтай нам харгалзахгүй тэмцэж олон асуудлыг ил тод болгох. Дараалсан олон сонсгол хийж, олон санг ил болгож, эрх зүйн орчноо чанга болгож, УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө төрийн тендерт оролцохгүй гэдэг шийдвэр гаргаж чадсан. Олон намын төлөөлөлтэй парламенттай байхын тулд улс төрийн зөвшилцөл рүү явсан. УИХ-ын гишүүд тойрогт очоод гишүүдийн тоог нэмэх тухай ярихад хүнд байсан. Гэсэн ч илүү олон ургалч үзэлтэй, нийгмийн сегментийн төлөөллийг хангаж чадах нь туйлын чухал байсан. Бид хийж чадсан. 76 гишүүнтэй парламентыг түүх болгон үлдээж, холимог тогтолцоотой 126 гишүүнтэй парламенттай болох эрх зүйг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан.Олон жил ярьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж чадсан. Байгалийн баялгаасаа хувь хүртэх, байгалийн баялгаа ашиглуулж байгаа орон нутаг түрүүлж хөгжих, боломжтой эрх зүйн суурийг баталсан” гэв.
Түүнчлэн өчигдрийн чуулганаар олон хууль эцэслэн баталсны нэг нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр эцэслэн баталсан юм. 
Ингэснээр байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авлаа.  Булган уул дархан цаазат болсноор байгаль хамгаалагчийн нэг ажлын байр шинээр бий болж, хүний нөөцийн дундаж зардал 25 сая төгрөг байхаар тооцжээ.
Ашигт малтмал хайх ашиглах зориулалтаар газар түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр татвар ногдуулахтай холбоотой хяналт шалгалттай холбоотой үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан санал дүгнэлтийн тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Тайланг  УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахдаа, Хянан шалгах түр хороо 11.1 мянга гаруй хуудас, баримт материалыг нотлох баримтаар цуглуулж, сар гаруй хугацаанд хяналт шалгалтыг явуулж, нээлттэй сонсгол зохион байгуулсан. 1997-2023 оны хооронд нийт ашигт малтмалын хайгуулын 14.299 тусгай зөвшөөрөл олгосон байна. Улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар газрын нэгдмэл санд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгосон газар 6.9 мянган га талбайд хүчин төгөлдөр 2767 тусгай зөвшөөрөл байгаагаас 1731 ашиглалтын, 1036 хайгуулын зөвшөөрөл байна. Нийт тусгай зөвшөөрөл нь улсын газар нутгийн 4.5 хувийг эзэлж байна гэдгийг онцлов.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын зарим гишүүнээс хууль хоорондын ердийн өрийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан. Энэхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн хэмээн танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжих, эсэхээр санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн батлав.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.  Энэ өдрийн хуралдаанаар нийт 113 хуулийн төслийг эцэслэн баталлаа. Тухайлбал Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн автоматжуулсан системын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зар, сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn