Иман Хэлиф: Дэлхий дахинд хэлье, би эмэгтэй хүн!

241

Парисын зуны олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн шөвгийн наймын тулаан өчигдөр болж, шуугианы гол эзэн болчихоод буй Алжирын Иман Хэлиф өрсөлдөгч Унгарын Лука Хамориг таван шүүгчийн санал нэгтэй шийдвэрээр яллаа. Ингэснээр Алжирын боксын түүхэнд олимпын медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болсон юм.
Ялалт байгуулсныхаа дараа Иман Хэлиф сэтгэл хөдлөлөө барилгүй сөхрөн сууж уйллаа. Түүнийг сэтгүүлчдийн бүсэд 300 орчим сэтгүүлч асуултаар “булахаар” анан хүлээж байв.
 

Эхлээд BBC-гийн сэтгүүлчид үгээ хэлэхдээ Иман Хэлиф “Би сайн байгаа. Энэ бол Алжирын эмэгтэйчүүдийн олимпын анхны медаль. Би маш их аз жаргалтай байна. Дэлхий дахин, Арабын ертөнцөд талархлаа илэрхийлмээр байна. Маш их баярлалаа” хэмээн өгүүллээ. Арабын ертөнцөд талархлаа илэрхийлэхийн учир нь энэ тулаанд л гэхэд 600 орчим франц-алжир хөгжөөн дэмжигч ордонд ирж, түүнийг маш сайн дэмжсэн юм. Энэ их дэмжлэг Иман Хэлифийн сэтгэлийг улам их хөдөлгөсөн биз ээ.
Өөр нэг сэтгүүлчтэй сэтгэгдлээ хуваалцахдаа “Би давамгайлж тоглолоо. Энэ ялалтаа Алжирын ард түмэндээ зориулж байна. Би эмэгтэй хүн. Эмэгтэй хэвээрээ байх болно гэдгээ Дэлхий дахинд хэлмээр байна” хэмээн өгүүлсэн юм.
 

Иман Хэлиф болон Тайванийн Лин Юү Тин нарыг хүйс тогтоох шинжилгээнд хоёронтаа бүдэрсэн тул өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хассан. Харин Олимпын наадамд 25 настай Иман Хэлифийг ч, Лин Юү Тинийг ч оролцохыг зөвшөөрч, хоёулаа ялалт байгуулаад байгаа. Хэлифийн эхний өрсөлдөгч Италийн Анжела Карини тулаан эхлээд 46 секундын дараагаар цаашид үргэлжлүүлэхээс татгалзсанаар алжир тамирчинд ялалт өгсөн билээ.
Ордноос гарахдаа Иман Хэлиф хар шил зүүж, багийнхаа автобусаар олимпын хотхон руу хөдлөхийнхөө өмнө өөрийг нь дагах сэтгүүлчдэд “Алжир улсыг төлөөлөн олимпод оролцож буйгаараа бахархаж байна. Бурхан ивээж, Алжирын эмэгтэй боксчдын анхны олимпын медалийг хүртлээ. Дараагийн тулаанд эх орныхоо нэрийн өмнөөс рингэнд гарна гэж найдъя. Миний энэ ялалт дараа дараачийн үеийнхэнд урам зориг хайрлаж, амжилтад хөтөлнө гэж итгэж байна” хэмээн өгүүлжээ.
 

Түүний өрсөлдөгч Лука Хамори тулааны өмнө сошиал хаягтаа “Араатан ба гоо үзэсгэлэн” үлгэрийн зургийг оруулсан байсан. Харин тулааны дараагаар бол Иман Хэлифтай тэврэлдсэн юм. “Өнөөдөр тулаанд гарч, ялахыг хичээснээрээ бахархаж байна. Би багаасаа л олимпын медаль мөрөөдсөн. Өнөөдөр бид хоёрт хоёуланд нь хүнд өдөр байлаа. Хэлифт амжилт хүсье” хэмээн өгүүлсэн байна.
Иман Хэлифийн аав хэвлэлийнхэнд хэдэн хоногийн өмнө үгээ хэлсэн. “Иман охин маань зургаан настайгаасаа л спортод дурласан юм шүү” хэмээн Иманы аав өгүүлсэн бол Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах “Би тэднийг /Иман Хэлиф, Лин Юү Тин/ эмэгтэй хүн гэдэгт огт эргэлзэж байгаагүй” хэмээн мэдэгдээд байгаа билээ.

https://news.zindaa.mn/4wwm
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn