Суданы мөргөлдөөнөөс ашиг горилогсод

11

Суданд генерал Абдель Фаттах аль-Бурханаар удирдуулсан Суданы Зэвсэгт хүчин болон Мохамед Хамдан Дагало тэргүүтэй хагас цэрэгжсэн Шуурхай туслах хүчний хооронд иргэний дайн үргэлжилсээр байна. Мөргөлдөөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Энэ нь олон арван жилийн цэргийн засаглалын дараа иргэний засаглалд шилжсэнтэй холбоотой эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэй.
Суданы мөргөлдөөнд улс орнууд хөндлөнгөөс янз бүрийн байдлаар оролцсоор байна. Тухайлбал, Египет, Арабын нэгдсэн Эмират, Орос улсууд мөргөлдөгч талуудыг янз бүрийн байдлаар дэмжсээр ирсэн. Мөн Иран улс Суданы Зэвсэгт хүчинг нисгэгчгүй онгоцоор хангаж, АНУ, Саудын Араб зэрэг улс энхийн хэлэлцээнд зуучлагчаар оролцохоор эрмэлзэж байна.
Иргэний дайн үргэлжилсэн нэг жил гаруйн хугацаанд Судан улс дэлхийн хамгийн аймшигтай хүмүүнлэгийн хямралд нэрвэгджээ. Африк тивийн хамгийн том хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч, бүс нутгийн талхны сав гэж нэрлэгддэг Судан өдгөө өлсгөлөнгийн ирмэгт байна.
НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр долоон сая гаруй хүн дотооддоо, хоёр сая орчим хүн хөрш орнууд руу дүрвэжээ. Мөн тус улсын хүн амын тал хувь буюу 25 сая хүнд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байна. 2023 оны дөрөвдүгээр сард дайн эхэлснээс хойш 20 мянга гаруй хүн амиа алдсан гэсэн тооцоо бий.
Хохирлын хэмжээ их байгаа ч энх тайвны хэтийн төлөв бүрхэг байна. Энхийн хэлэлцээний оролдлого бүтэлгүйтэхийн зэрэгцээ гадныхан хөндлөнгөөс оролцож буй нь мөргөлдөөнийг улам уртасгах болжээ.
Судан улс зэвсгийн наймааны томоохон төвүүдээр хүрээлэгдсэн байдаг. Тухайлбал, Ливи, Чад, Төв Африк зэрэг орноор дамжуулан зэвсэг, сумыг хууль бусаар нэвтрүүлдэг. Энэ нь НҮБ-аас Суданы эсрэг тавьсан зэвсгийн хоригийг зөрчиж буй үйлдэл юм.
ГАДААДЫН ХАМГИЙН ТОМ ТОГЛОГЧИД
Бүс нутгийн болон олон улсын хэд хэдэн оролцогчид мөргөлдөөний үр дагаварт нөлөөлж байна. Египет, Саудын Араб улсууд Суданы армийг дэмждэг. Харин Арабын нэгдсэн Эмират, Ливи, Орос улсууд хагас цэрэгжсэн Шуурхай туслах хүчнийг дэмждэг.
Тэр дундаа Арабын нэгдсэн Эмират улс дайнд хамгийн их хөрөнгө оруулсан гадаадын тоглогчоор тодорчээ. Судан нь байгалийн баялагтай, стратегийн ач холбогдолтой учир Ойрхи Дорнод болон Зүүн Африкт нөлөө, хяналтаа тэлэх боломж гэж Арабын нэгдсэн Эмират үзсэн. Тус улс 2018 оноос хойш зургаан тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүнд, Суданы төв банк дахь гадаад нөөц, хөдөө аж ахуйн төслүүд, Улаан тэнгисийн боомт зэрэг багтана.
Үндсэндээ Арабын нэгдсэн Эмират улс мөргөлдөгч талуудыг аль алиныг нь хүчирхэгжүүлсэн гэхэд болно. Харин иргэний дайн эхэлснээс хойш тэд Шуурхай туслах хүчинд анхаарлаа хандуулж байна. Тэд үүнийгээ удаа дараа үгүйсгэсээр ирсэн боловч нотлох баримтууд өөр зүйл харуулдаг аж. Суданы мөргөлдөөнд гүйцэтгэх тэдний үүргийг “нээлттэй нууц” гэж нэрийджээ.
НҮБ-ын шинжээчдийн үзэж байгаагаар Арабын нэгдсэн Эмират нь Ливи, Чад, Төв Африк, Өмнөд Судан, Уганда дахь сүлжээгээр дамжуулан зэвсэг илгээх логистикийн үйл ажиллагаа явуулсан байна.
ОХУ-ын тухайд Вагнер бүлгээр дамжуулан Суданы Шуурхай туслах хүчинд дэмжлэг үзүүлжээ. Вагнер групп нь 2017 оноос хойш Суданд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Шуурхай туслах хүчний идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Дарфур зэрэг бүс нутагт баялаг олборлолтын төсөлтэй холбогдсон байна.
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТЫН АШИГ СОНИРХОЛ
Суданд Арабын нэгдсэн Эмиратын ашиг сонирхолд нийцэх алт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бий. Алт бол Суданы мөргөлдөөний гол хөдөлгөгч хүчний нэг. Алтны худалдаанаас ашиг хүртэгч гол улс нь Арабын нэгдсэн Эмират юм. Өөрөөр хэлбэл, Арабын нэгдсэн Эмират нь Суданаас хууль бусаар хил давуулсан бараг бүх алтыг хүлээн авч, дэлхийн зах зээлд худалдаалагдсан алтыг угаах төв болжээ. Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад тус улс 2022 онд Суданаас 2.3 тэрбум ам.долларын үнэ бүхий үнэт металл импортолсон байна.
Түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улс хүнсний хэрэглээнийхээ 90 хувийг импортоор хангадаг. 2007 онд тохиосон дэлхийн хүнсний хямралаас хойш Арабын нэгдсэн Эмират улс хүнсний аюулгүй байдлыг нэн тэргүүний зорилтуудынхаа нэг болгож, хилийн чанад дахь тариалангийн талбайд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Суданд л гэхэд Эмиратын хоёр ч фирм бий бөгөөд 50 мянга гаруй га тариалангийн талбай байна. Үүнийг цаашид ч өргөжүүлэх төлөвлөгөөтэй аж. Эндээс гаралтай газар тариалангийн бүтээгдэхүүнүүдийг Улаан тэнгисээр дамжуулан тээвэрлэдэг. Суданы засгийн газрын мэдлийн боомтыг тойрч гарахын тулд Арабын нэгдсэн Эмират улс 2022 онд шинэ боомт барих гэрээнд гарын үсэг хүртэл зуржээ.
Үндсэндээ Арабын нэгдсэн Эмират улс хүнсний аюулгүй байдлаа хангах ашиг сонирхлын хүрээнд Шуурхай туслах хүчнийг ашигласан байна.
Суданд хангалттай хэмжээний тусламж үзүүлж чадахгүй байгаа учир хүмүүнлэгийн нөхцөл байдал улам хүндэрсэн. Гэтэл олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Арабын нэгдсэн Эмиратад ямар ч шахалт үзүүлдэггүй. Гадны оролцогчид мөргөлдөөнийг улам дэврээхийг зогсоохгүй л бол Судан олон 10 жил үргэлжлэх хүмүүнлэгийн хямралд ойрхон байна.
Эх сурвалж: THE CONVERSATION
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn