Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

39

Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. Ингэхдээ арванхоёрдугаар сард тодотгол хийх “нөхцөлтэй”-гөөр  Монгол Улсын 2025 оны төсвийн нийт орлогыг 33 их наяд, 864 тэрбум, 738.8 сая, нэгдсэн төсвийн нийт зарлагыг  35 их наяд, 795 тэрбум, 227.3 сая төгрөг бол алдагдал  нь нэг их наяд 930 тэрбум, 488.50 сая төгрөг байхаар баталсан юм.
Төсвийг батлахад парламентын 126 гишүүнээс 106 нь чуулганы хуралдаандаа оролцож, 69 нь  Соёлын сайд Ч.Номингийн зардалд суулгасан 18.3 тэрбумын ваучер болон Ц.Даваасүрэнгийн  төсвийг хөрөнгөөр Хөвсгөлийн сум болгон бяслагийн үйлдвэр барих төслийг дэмжсэн.
Хэдийгээр улсын төсвийн зардлын  хэт тэлэлтийг эсэргүүцэж, Засгийн газрын бодлогыг “бойкотолсон” ч, олонхын шийдвэрт  ялагдал хүлээсэн нэр бүхий гишүүдийн акц төлөвлөсний дагуу явагдсан, зорилгодоо ч тодорхой хэмжээгээр хүрсэн. Эндээс дүгнэхэд цаашдаа улсын төсөв улстөрчдийн авлига, хулгайн үүр овоохой болдог асуудал хумигдана, УИХ-ын гишүүдийн хяналт ч чангарах шинжтэй. Энэ нь  ҮХНӨ-ийн үр дүн мэдээж мөн.
Урьд өмнө нь ганцхан сар хэлэлцдэг байсан улсын төсөв дээр улстөрчид ажиллах хугацаа уг нь хангалттай байсан.
Төсвийн тухай хуульд оруулсан шинэчлэлтийн дагуу  Сангийн яам хуульд заасан хугацаандаа буюу наймдугаар сарын 30-нд УИХ-д 2025 оны улсын төсвийн төслийг өргөн барьсан билээ.  Өөрөөр хэлбэл, улстөрчдөд улсын төвийн “идээ, бээр”-ийг шахах хоёр сарын хуулийн хугацаа оногдсон. Иргэд ч УИХ-ын албан ёсны сайтаар ороод улсын төсөвтэй танилцах боломжтой ч болсон.
Атал УИХ дээр нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг нь хэдийнэ явагдаж дууссаны дараа, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг эхлэхтэй зэрэгцээд улсын төсвийг эсэргүүцсэн нь УИХ-ын гишүүд тодорхой зорилготой байв уу эсвэл хуулийн хугацаандаа улсын төсөв унших завгүй явав уу гэдэг нь асуултын тэмдэг.
Халуун намраар өргөн баригдсан улсын төсөвт нууж суулгасан хулгай, луйврыг эртхэн илчилж,боловсруулсан төслийг нь Сангийн сайдын нүүр рүү буцаан шийдэх хугацаа бишгүйдээ байхад Л.Оюун-Эрдэнийг  “бөгс өндийх” хойгуур “бослого” гаргахад хүрсэн нь нэг талаасаа МАН-ын дотоод зодоон Төрийн ордонд орж ирсний нотолгоо. Нөгөө талаасаа Л.Оюун-Эрдэнэ ҮХНӨ-ийн үр дүнд парламент ардчилал сайжирна гэдгийг тооцсон байж таарна. Үндсэндээ, сонгодог парламентыг бэхжүүлэх нь нэг гишүүнд оногдох эрх мэдлийг бууруулах замаар УИХ-ыг улстөрчдийн барьцаанаас гаргах тухай л байв.  УИХ нь улстөрчдийн барьцаанаас гарч чадвал улсын төсөв нь авлигын системээсээ ангижирч чадна.
Жилийн өмнө гэхэд УИХ-ын гишүүд тойргийн хөрөнгө оруулалт нэрээр тус бүр дөрвөн тэрбумыг улсын төсвөөс гаргуулж авсан. Сая хүртэл татвар төлөгчдийн бүрдүүлсэн мөнгөнөөс таван, таван тэрбумыг авна гэж тойргийн гишүүдээс Засгийн газраа багагүй шантаажилсан нь бас л болсон явдал.
Төсвийн тухай шинэчилсэн хуульд зааснаар
  • Засгийн газар төсвийн төслийг жил бүрийн есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх,
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ есдүгээр сарын 20-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
  • Төрийн аудитын төв байгууллага дүгнэлтээ есдүгээр сарын 25-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх үүрэгтэй.
Дээрх хуулийн хугацаанд улсын төсөвт хийсэн аудитын дүгнэлт аль эрт гарчихсан байсан. Хэрэвзээ тэр үеэс л төсвийн авлигатай тэмцсэн бол Засгийн газар төслөө буцаан авахад хүрэх байсныг үгүйсгэхгүй.
Гэхдээ урьдын адил УИХ-ын гишүүн Сангийн яамнаас оруулж ирсэн төслийг уншиж танилцалгүй шахам, нүдээ аниад батладаг байсантай харьцуулах юм бол парламентын ардчилалд дэвшил гарч ирж байна гэсэн үг.
Үндсэндээ, Монголын парламентын ардчилал жилээс жилд хумигдаж, З.Энхболдын үед парламентад бараг дарангуйлал тогтох шахсан юм даг. Түүнд таалагдаагүй шүүмжлэл хэлсэн гишүүдийн бүрэн эрхэнд халдах энүүхэнд, үг хэлэх эрх чөлөөг нь хүртэл хязгаарладаг байсан нь худлаа биш.
Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Энхтүвшин нарын  үйлдлийг парламентын 20 гаруй гишүүн ил дэмжсэн, цаана нь хэчнээн гишүүн далд дэмжсэнийг хэлэх боломжгүй. Гэхдээ тэдний энэ нөлөөлөл парламентын гишүүдэд улс төрийн урам, зориг өгсөн нь үнэний хувьтай.
Тэд намуудын болон бүлгийн нөлөөллөөс ангид улс төрийн акц хийж буй нь Монголын парламентад ардчилал бийг харуулсан үг-үйлдэл болно. Маш товчоор хэлэх юм бол, гадаад талдаа Монголын парламентын нэр хүндийг өсгөсөн гоё сурталчилгаа болж өглөө.
Энэхүү эсэргүүцэл, тэмцэл Монголын улс төрийг өөрчлөх эрвээхэйн нэг нөлөө болно. Жижиг өөрчлөлт заримдаа илүү том өөрчлөлт авчирдаг гэдэг. Сангийн сайд Б.Жавхлан цаашдаа тооны ард хулгай, луйвар нууж чадахгүй болж байна гэсэн үг. Парламентын танхимд бааварлаад суудаг байсан Б.Жавхлан сүүлдээ ил гарч ирэхээс эмээж байна гэдэг нь УИХ, Засгийн газар хоёр байр, байрандаа очиж байна.
Урьд нь парламентын толгой дээр Засгийн газар нь гараад суучихдаг байсан, УИХ нь  гүйцэтгэх засаглалынхаа утсан хүүхэлдэй төдий байж ирсэн.
Эрвээхэйн нөлөөллийн үр дүнд ирэх арванхоёрдугаар сард 2025 оны төсөвт тодотгол хийх нь тодорхой болсон. Татвар төлөгчдийн мөнгөөр кино үзүүлж, бяслаг шахах гэсэн Ч.Номин, Ц.Даваасүрэн хоёр эвгүйтвэл сандал суудлаа ч алдаж мэдэхээр байна.
Хамгийн гол нь хуучны улстөрчдөөс ялгаатай нь шинэ үеийнхэн улстөрчдөд хэн нэгэнд барьцаалагдах асуудал алга. Төрийн ордноос төрхөмдөө буцах вий гэсэн айдас ч алга. Тэр тусмаа “толгой хагаравч малгай дотроо” гэдэг МАН-ынхан хүртэл Засгийн газрынхаа бодлого, шийдвэрийг ил тод эсэргүүцдэг болсон байна.
Эцэст нь парламентад ардчилал, шударга ёс тогтож байж Монголд ардчилал, шударга ёсыг тогтооно. Юу үнэн, энэ үнэн.
Ж.ЭРХЭС
https://news.mn/r/2762941/


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn