Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

64

Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь сайхан ч гажуудсан, алдсан ч юм их бий. Одоогийн Ерөнхий сайд ирэх гучин жилүүдэд юу хийх талаар ярих болж, түүндээ ч зориод байгаа нь хийж хэрэгжүүлж байгаагаас нь  харагдана.  Үр дүнг нь гучин жилийн дараа л бид хэлэлцэж суух биз. Ямар ч байсан алсын хараагаа тодорхойлж, шинэ сэргэлтийн бодлого гээчийг гаргаж ирэн, эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлсон. Бусад намуудад ч үүнийгээ дэмжихийг уриалж, өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газраа бүрдүүлэхдээ ч хамтрагч намуудад дээрх төслүүдээ явуулах дээр тохирч байж байгуулсан билээ. Яг үнэндээ бол шүүмжлүүлэн, балбуулан байж зоргоороо зүтгэж байгаад цаад Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрээд байна.
Монголын улс төр, нийгмийн өнгөрсөн хугацааны үйл явцаас ажиглахад монголчууд нийтээрээ хамгийн их улстөрждөг нь илт. Энэ нь сайн, муу хоёр талтай. Иргэдийн нийгмийн идэвх оролцоо сайн байгаа нь авууштай. Нөгөө талаар хөгжилтэй орнуудын хувьд иргэд тэр бүр улстөржөөд байх нь элбэг биш. Учир нь өдөр тутмын амьдралд нь шууд нөлөөлөөд байх гэнэтийн шийдвэр,  урагшгүй алхам засаг төр нь хийгээд байх нь ховор. Нэг ёсондоо  систем нь голдиролдоо орчихсон. Эрэг шурга нь гэнэт өөрчлөгдөхгүй. Аль нэг нам, эвсэл яллаа гээд өчигдөр болж байсан юмыг өнөөдөр өөрчилчихдөггүй. Тэр улсын алсын зорилго нь аль нам эрх барихаас үл хамааран бат цайз мэт болчихсон.
Манайд бол маргааш хэн гээч дарга нь ямар шийдвэр гаргаад юуг өөрчлөхийг таашгүй.
Тиймээс  хэн ч улс орныг удирдлаа гээд, аль  ч нам засгийн эрх барилаа гээд улс орны хөгжлийн цаашдын зам нь нэг чигт байх шаардлагатай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ердөө жил гарны өмнө  чуулган дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой үг хэлж байсан.  Тэр үед 126 гишүүнтэй болох тухайд иргэд, улстөрчид ч янз бүрийн байр суурьтай байлаа. Л.Оюун-Эрдэнийн тооцоолсноор бол УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна гэж байсан нь шинэ парламентын өнгөнөөс үнэн болж таарлаа. Бид төлөөллийн ардчилалтай гэдэг ч ард түмний төлөөлөл нь үүргээ биелүүлж, тэдний төлөөллөө болгон сонгосон ард түмэн нь эрхээ эдэлж чадаж байна уу, хүмүүнлэг иргэн төвтэй нийгэм бүтээх чиг зорилго зөв явж байна уу, эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу гэдэг асуултуудад хариулт болсон суурь өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийх болсныг анхааруулж байв.
Ингээд ҮХНӨ-ийн төслийг УИХ д танилцуулж байсан билээ.  Нэгдүгээрт, геополитикийн өөрчлөлт буюу олон туйлт дэлхийхоёрдугаарт,  нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах гуравдугаарт, Эдийн засгийн их үсрэлт шаардлагатайг сануулсан үг хэлж байлаа.  2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр ҮХНӨ батлагдав. Үүний дараа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулав.
Ингэснээр 126 гишүүнтэй болох, бүсчилсэн хөгжлийг дэмжих, холимог системээр сонгууль явуулах нөхцөл бүрдсэн. Жалганы сонгууль, жалганы улс төр, цаашлаад төсвийг үр ашиггүй зарцуулдгийг болиулахаар зорьсон нь өнөөдөр чуулган дээр өнөөх 126-ын хэрүүл, хэлэлцээнээс харж болно. Шинэ үеийнхэн, нийгмийн төлөөлөл бүрийг багтаах зорилго, мөн холимог тогтолцооны үр дүнгээр жагсаалтаар орж ирсэн гишүүд жалгын үзлээр биш, бодит байдлаар асуудалд хандаж, төсөв дээр гэхэд л олуулаа болсны үр дүн гарч байна. Нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах гэдгээ бол биелүүлчихэж. Их хурлын индэр дээр хэлж, дараа нь батлуулчихаад 21 аймгаар баахан тойрч, бусад намаасаа урьтаад жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана гэсэн. За тэгээд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жагсаалтад бүсгүйчүүдийг ахиухан нэр дэвшүүлэхээ зарлаад явсан. Нэг ёсондоо ярьж хэлээд байсан УИХ-аа бол бүрдүүлчихсэн. Мөн энэ жишгээ намуудад уриалаад тэр жишиг нь бас дэмжигдчихэж байгаа юм. Өөрөө жагсаалтад орохгүйгээр өрсөлдөж, намаа бас ялуулчихсан нь бол маргаангүй. Энэ мэт алхамууд нь хэд дараалан эрх барьж байгаа МАН энэ удаа ялахад амаргүй болов уу гэсэн ажиглагчдын эргэлзээнд цэг тавьсан.
Одоо яая гэхэв. Парламент олон өнгөтэй, олон салбар, олон намын төлөөлөлтэй, олон янзын үзэл бодолтой хүмүүсээс бүрдлээ. Бас парламентын гишүүдийн ихэнх хувь шинэ улстөрчдөөс бүрдлээ. Муугүй л байна. Хүссэн юм хүзүү орооно гэгчээр Засгийн газрын оруулж ирсэн төсвийг өөд уруугүй л шүүмжиллээ. Л.Оюун-Эрдэнийн хүсэл ийм л байсан биз дээ. Ийм реформыг л хүсээ биз дээ. Ямар ч байсан ҮХНӨ  чинь ирэх гучин жилд худал, хулгайгүй байж болох нөхцөлд нэмэр болсон юм байна.
     Мөн эдийн засгийн реформ хийх асуудал ч өнөөдрийн хэрүүл, шуугиантай төсвийн хэлэлцүүлэг, 14 мега төслөө зүтгүүлж байгаа зэрэг нь шинэ сэргэлтийн бодлогын үргэлжлэл байв.
Базаад хэлэхэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтолцооны өөрчлөлт хийхээр зорьсон. Гишүүдийн тоог нэмж, олон намын оролцоотой зөвшилцлийн ардчилалд шилжнэ гэсэн.  Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд автахаас сэргийлнэ гэсэн. Нийгмийн бүлгүүдийн дуу хоолой хоёр дахин нэмэгдэнэ, хилийн чанад дахь монголчуудын сонгуульд санал өгөх эрх нээгдэнэ, жендерийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, салбарын төлөөллүүд, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ гэсэн.  2023 оны тавдугаар сарын таванд чуулганы хуралдаан дээр хэлж байсан бүх үгс нь цагаан дээр хараар ярайж байна. Эцсийн эцэст цаад нөхөр чинь элдвээрээ хэлүүлж, шүүмжлүүлж, оруулж ирсэн төсвийнхөө шүүсийг шахуулахыг өөрөө л хүссэн юм биш үү.
Яг одоогийн байдлаар Л.Оюун-Эрдэнийн бодлогоор л бид яваад байна. Тэр хэлсэн ярьсандаа хүрээд байгаа нь тодорхой болов. Өнөөдөр магтах, шүүмжлэх яахав. Үр хүүхэд минь амьдрах, ирээдүйн гучин жилийг  та нар яаж төсөөлж байна. Түүний хэлээд байсан алсын хараатай бодлогуудын үр дүнг тэр үед л үнэнээр нь дүгнэнэ. Тэрнээс биш  эрх барьж байгаа  Засгийн газар хэзээ байтлаа тэгтэл магтуулж, шагшуулж байсан юм. Шүүмжлүүлж, балбуулах нь хэвийн үзэгдэл. Нийтлэлийн эхэнд хэлсэнчлэн Монголд бол бүр ч их шүүмжилнэ. Цоо шинэ юм ердөө биш. Л.Оюун-Эрдэнийн оронд Бат, Дорж, Дондог хэн ч байлаа үүнээс зугтаах боломжгүй.   За тэр ч яахав,  14 мега төсөл нь яг энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн сценари шиг яс тас төлөвлөснөөрөө биелээсэй л гэж хүлээж сууна. Ухрах зам байхгүй шүү.
Хулгайгүй, худалгүй сүрхий улстөрчидтэй байна гэсэн хүсэл чинь таных шүү, Ерөнхий сайд аа.  Яг тэрийг чинь бид бас яс ажиглаад сууж байгаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn