Судалгаа: Гэрлэлт эрчүүдийн таргалах эрсдлийг нэмэгдүүлдэг бол эмэгтэйчүүдэд нөлөөлдөггүй

Гэрлэлт нь эрэгтэйчүүд таргалалттай болох эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг ч эмэгтэйчүүдэд нөлөөлдөггүй хэмээн нэгэн шинэ судалгаагаар харуулжээ. Варшав дахь Зүрх судасны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд таргалалтад нөлөөлдөг бусад хүчин зүйлсийг судалсан байна. Тэд дунджаар 50 настай 2,405 хүний өвчний түүх болон ерөнхий эрүүл мэндийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн юм.
Тус судалгааг Испанийн Малага хотод болсон Европын таргалалтын асуудлаарх конгрессын уулзалтын үеэр танилцуулжээ. Тэрхүү судалгаагаар бол гэрлэсэн эрэгтэй хүмүүс гэрлээгүй эрэгтэйчүүдтэй харьцуулахад таргалалттай байх магадлал нь 3.2 дахин их байсан юм. Харин эмэгтэйчүүдэд таргалалттай болох эрсдэл нэмэгдсэн зүйл илрээгүй аж. Мөн гэрлэх нь эрэгтэйчүүд илүүдэл жинтэй болох эрсдэлийг 62 хувь, эмэгтэйчүүд илүүдэл жинтэй болох эрсдэлийг 39 хувиар нэмсэн байна. Варшавын эрдэмтэд мөн нас нь жин нэмэхэд нөлөөлдөг гэдгийг илрүүлжээ. Тухайлбал нэг жилээр нас ахих тусам илүүдэл жинтэй болох эрсдэлийг эрэгтэйчүүдэд гурван хувь, эмэгтэйчүүдэд дөрвөн хувиар нэмсэн байна. Харин таргалалттай болох эрсдэлийг эрэгтэйчүүдэд дөрвөн хувь, эмэгтэйчүүдэд зургаан хувиар нэмэгдүүлсэн аж.
2024 онд БНХАУ-д явагдсан өөр нэгэн судалгаа гэрлэлтийн эхний таван жилд эрэгтэйчүүдийн биеийн жингийн индекс нэмэгддэг болохыг илрүүлжээ. Гэрлэсэн эрэгтэйчүүд илүүдэл жинтэй болох магадлал нь 5.2 хувь, таргалалттай болох магадлал 2.5 хувиар нэмэгддэг гэдгийг тус судалгаа илрүүлсэн юм. Өөр нэгэн судалгаа гэрлэсэн эрэгтэйчүүд дунджаар гэрлээгүй эрэгтэйчүүдээс 1.4 кг хүнд жинтэй болохыг тогтоосон байна.
Эх сурвалж: The Guardian