Нийтийн бие засах газруудыг нэммээр байна

598


Баруун болон Зүүн дөрвөн зам, МУБИС, “Бөмбөгөр” худалдааны төв, Цэцэрлэгт хүрээлэн, Вокзал, Сонгинохайрхан дүүрэг гээд олон нийтийн үйлчилгээний төв бүхий, хөл хөдөлгөөн ихтэй газарт цөөн хэдэн нийтийн бие засах газар байрлана. Хавар, намарт үйлчилгээний төв, цэцэрлэгт хүрээлэнгийн бие засах газраар үйлчлүүлэх дараалал урт. Улаанбаатар хотод 2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 1.3 сая хүн амьдарч байжээ. Тэр үед нийтийн бие засах газар 11 байсан. Тэгвэл хүн амын тоо 2020 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 100 гаруй мянгаар нэмэгдэж, хотын хүн ам 8.9 хувиар өсжээ.
Харин нийтийн бие засах газар 10-аар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд амьдарч буй 63744 иргэнд нэг нийтийн бие засах газар оногдох аж. Мөн өнгөрсөн хугацаанд нийтийн бие засах газрууд цэвэрхэн, үнэр танаргүй болж, үйлчилгээ нь сайжирчээ. Гэвч Улаанбаатар хот дахь нийтийн бие засах газар хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, өнөө хэр оройн цагаар гудамжны булан, мухарт морь харах хүмүүс цөөнгүй. Дээрээс нь нийтийн бие засах газар цөөн, шөнийн цагаар ажилладаггүй. Нөгөө талаас олон улсад нийтийн бие засах газар үнэ төлбөргүй байдаг бол манайд 200 төгрөгөөр үйлчилдэг хэвээр. Бид энэ талаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

НИЙСЛЭЛД 22-23 НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР БИЙ

Хотын төвийн хүн амын урсгал хамгийн их газар бол Сүхбаатарын талбай, МУБИС орчим мөн. “Улаанбаатар” зочид буудлын урд талбайд Д.Нацагдоржийн хөшөө, бяцхан усан оргилуурыг харангаа нарлаж суух хүн цөөнгүй. Үүгээр түүгээр өнгөрөх ажил хэрэгч залуус ч тасрахгүй. Яг энэ хэсэгт шинэ барьсан хоёр, мөн хуучны нэг “City toilet” бий. Бидний нэрлэж заншсанаар Багшийн дээдийн автобусны буудлын “City toilet” цэвэрхэн бөгөөд элдэв үнэргүй байгаа нь нийтийн бие засах газрын үйлчлэгчид хичээнгүй ажиллаж буйгийнх билээ. Үйлчлэгч нь ч үүгээрээ бахархан, “Үнэр танаргүй цэвэрхэн байгаа биз. Нэг хүн ороод гарахад л тухай бүрт нь цэвэрлэдэг юм” гэв. Мөн тэрбээр “Манайх 09:00-20:00 цагийн хооронд ажилладаг. Бямба, нямд ч ажиллана. Би долоо хоногийн хоёр өдөр амардаг. Амарсан өдрүүдээр өөр ээлжийн хүн ирж ажиллана. Манайх Нийслэлийн хот тохижилтын газарт хамаарна” гэлээ.
Түүнээс өдөртөө хэр олон хүн үйлчлүүлдгийг тодруулахад “Өдөртөө 100 гаруй хүн үйлчлүүлж байна. Коронавирустэй холбоотойгоор хүмүүс цөөрсөн. Түүнээс биш өдөрт 200 гаруй хүн үйлчлүүлдэг байсан юм. Зарим нь усаа татахгүй, элдвээр хэлж, доромжлоод гардаг. Тийм болохоор нэг хүн ороод гарах бүрт суултуураа цэвэрлэнэ дээ. Тэгэхгүй бол, томчууд хүртэл  усаа татахгүй, заримдаа гадна талаар нь бие засчихна. Тэр бүрт нь угааж, арчиж, ариутгана. Харин ариутгал, цэвэрлэгээний бодис албан байгууллагаас хангалттай өгдөг. Удахгүй засвар хийнэ гэсэн. Би гурав дахь жилдээ ажиллаж байна. Цалин 500 мянга гаруй төгрөг авдаг. Ийм тийм зүйлгүй цаг хугацаанд нь цалингаа өгдөг. Энд 200 төгрөгөө өдөр бүр тушаадаг. Энэ мөнгөөр засвар, үйлчилгээ бүх юмаа хийнэ.
Манай бие засах газар эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав, хөгжлийн бэрхшээлтэй нэг, нийт долоон суултууртай. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс төлбөр авдаггүй. Заримдаа хөгшчүүдээс төлбөр авдаггүй. Гэхдээ тэдний зарим нь тавхан цаас шидчихээд явах нь бий” гэж байлаа. Нийтийн бие засах газраар үйлчлүүлэгчдийн хандлагын талаар “Хөгшчүүл уурлана. Мөнгө төлөхгүй гэнэ. Бас гадуур нь бие засчихдаг. Харин залуучуудын хандлага өөр, шударга байдаг. Та хүний өтгөн, шингэн цэвэрлэдэг байж, төлбөр мөнгийг нь 300 болгомоор юм гэдэг. Ер нь ажилтнуудын цайны цагийн үеэр нийтийн бие засах газраар үйлчлүүлэгчид нэмэгддэг” гэж ярилаа. Уг нийтийн бие засах газар хаалган дээрээ хүн тоологч төхөөрөмж суурилуулжээ. Энэ засах газрыг ашиглалтад орсон цагаас хойш төхөөрөмж суурилуулсан бөгөөд уржигдар 47590-ийг зааж байлаа. Энэ тоог төлбөр тооцоотой нарийн тулгадаггүй.
Харин хэр олон хүн үйлчлүүлж байгааг үүгээр барагцаалдаг аж. Эндээс гарч төв талбайн шинэ нийтийн бие засах газарт очлоо. Үүгээр үйлчлүүлэх хүн олон бөгөөд гарахдаа “Баярлалаа” гээд гарч байв. Энэ үеэр хотын төвийн нийтийн бие засах газрын үйл ажиллагааг хянаж байсан Нийслэлийн хот тохижилтын газрын Шуурхай үйлчилгээний албаны менежер Б.Ганбаяртай таарч, дараах зүйлсийг тодрууллаа.
-Төв талбайд шинэ нийтийн бие засах газар хоёрыг байгууллаа. Хүмүүсийн хандлага ямар байна вэ?-Үйлчлүүлсэн хүмүүс сэтгэл ханамжтай байгаа. Өдөрт 200 орчим хүн орж, гарахдаа “Баярлалаа”, “Цэвэрхэн, сайхан бие засах газар байна” гэдэг. Энэ нийтийн бие засах газрыг төвийн цэвэр бохирын нэгдсэн шугамд холбосон. Мөн агааржуулагчтай, төвийн дулаанд холбосон, гаднаа шилэн пассадтай. Өмнө нь талбай дээр Эко бие засах газар нэртэй, бохирыг нь соруулдаг, усгүй, тоггүй бие засах газар байсан. -Ямар цагийн хуваариар ажилладаг юм бол?-Өдөр бүр 09:00-24:00 цаг хүртэл ажиллаж байна. 17:00-18:00 цагаас эхлээд усан оргилуур хаатал ачаалал нэмэгддэг. Орсон, гарсан хүмүүсийн зарим нь усаа татдаггүй учраас байнга цэвэрлэгээ хийнэ. Нийт 25 суултууртай. Хөгжлийн бэрхшээлтэй хүнээс төлбөр авдаггүй. Бусад хүмүүс 300 төгрөгөөр үйлчлүүлнэ.-Нийслэлийн хэмжээнд хэдэн нийтийн бие засах газар байдаг вэ?-22-23 нийтийн бие засах газар бий. Хотын төвөөр гэвэл Баруун болон Зүүн дөрвөн зам, “Бөмбөгөр” худалдааны төв, Зуун айл, Багшийн дээд, Ботаник, Баянхошуу, Вокзалд байна.

НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫН ТӨЛБӨР БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УРСГАЛ ЗАРДЛЫГ НӨХДӨГ

Хотын төвд байршилтай нийтийн бие засах таван газрын нэг бол Баруун дөрвөн замын автобусны буудлын дэргэдэх нийтийн бие засах газар юм. Уг бие засах газар нэлээд хуучирч, баруун талын хана нь суулт өгчээ. Эндхийн үйлчлэгч нийтийн бие засах газарт үйлчилгээний ажилтнаар есөн жил ажилласан аж. Тэрбээр энэ тухай “Хамгийн анх 2011 онд Багшийн дээдэд нийтийн бие засах газар ашиглалтад оруулахад ажиллаж эхэлсэн. Эхэндээ “Улаанбаатар сан”-гийн харьяа байсан ч татан буугдаж, 10 гаруй ажилчин, хөрөнгө мөнгөө “Улаанбаатар нэгтгэл”-д өгсөн юм. Түүний дараа гурван жилийн өмнөөс Нийслэлийн хот тохижилтын газрын харьяа болсон. Өдөрт ихдээ л 25000 төгрөг хийдэг. Дунджаар 10-аад мянган төгрөгийн орлоготой. Хүүхдийн мөнгө буусан, оюутнууд ирсэн үед үйлчлүүлэгч олон байдаг.
Энэ жил коронавирус гээд хүмүүс цөөн байгаа. Бид үйлчилгээний төлбөрөө хонуулахгүйгээр өдөр өдөрт нь тушаадаг. Энэ газар маань 10-аад жил болж байгаа болохоор бороо орохоор дээврээс дусаал гоожоод байна. Дээвэр нь нурж ч магадгүй. Гэхдээ хот тохижилтынхон удахгүй засвар хийнэ гэсэн. Ариутгал цэвэрлэгээгээ бид өөрсдөө хийдэг. Манайх 09:00-20:00 цагийн хооронд ажилладаг. Би ажлын таван өдөр ажиллана. Мягмар, бямба гарагт амардаг. Намайг амарсан үед төвийн таван нийтийн бие засах газрын үйлчлэгчдийг амрааж, сэлгэж суудаг хүн ирж ажилладаг. Сар бүр ариутгал цэвэрлэгээний бодис, гар ариутгагч, маскаар албан байгууллага биднийг хангадаг. Манай үйл ажиллагааг төрийн бус гурван байгууллага хянадаг юм.
Манайх нийт таван суултууртай. “Максмолл” худалдааны төвийн ариун цэврийн өрөө үнэгүй учраас энэ хавиар үйлчлүүлэх хүмүүс цөөн. Би 500 гаруй мянган төгрөгийн цалин авдаг. Өмнө жил цалин таван хувь нэмэгдсэн. Энэ жил мөн таван хувиар нэмэгдэнэ гэж байна лээ” гэв. Энэ үеэр яарсан, сандарсан арваад хүн үйлчлүүлэв. Тэрбээр “Өглөөдөө автобусны жолооч нар орж ирнэ. Тэд “Та эрт онгойчихоор амар юм” гэдэг. Яаруу сандруу орж ирэхдээ шилэн хаалга мөргөөд хагалах нь ч бий. Энэ үед камерагүй болохоор хагалсан хүмүүс нь зугтчихдаг” гэж байлаа.
Нийтийн бие засах газартай холбоотой зарим зүйлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхбаяраас тодрууллаа. 
-Нийслэлд нийтийн бие засах газар хэчнээн байдаг вэ. Нэгийг нь хэдэн төгрөгийн төсвөөр барьсан бэ?-Өнөөдрийн байдлаар 16 City toilet  ажиллаж байна. Ашиглалтад ороогүй байгаа хоёр “City toilet” байна. Нийт 18 “City toilet” улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан. Ашиглалтад ороогүй хоёр “City toilet” нь Долоон буудлын эцэс, Чингэлтэй дүүргийн Чингэлтэйн автобусны буудал дээр барьсан. Зургийн дагуу 150-350 сая төгрөгийн төсвөөр барьж байсан. “City toilet” болон бусад нийтийн бие засах газрыг оруулаад нийслэлд 22-23 бие засах газар бий.-Эдгээр бие засах газрын байрлалыг хэрхэн сонгосон бэ?-Нийслэлийн хүн амын төвлөрөл болон иргэдээс ирсэн гомдол санал, тухайн газрын бохирдлыг харгалзан үзээд бүсчлэлийн дагуу байршлыг нь сонгосон. Мөн газрын асуудал бий. Учир нь, нийтийн бие засах газар нь нийтийн эзэмшлийн талбайд байх ёстой. -Нийт хэдэн ажилтантай вэ?-Нийслэлд байгаа нийтийн бие засах газруудыг Орон нутгийн өмчит төрийн үйлчилгээний газар Улаанбаатар хотын захирагчийн албатай гэрээ байгуулан, түүний дагуу үйлчилгээ үзүүлж байгаа. Нэг “City toilet”-д 1-2 үйлчилгээний ажилтан цэвэрлэгээ, үйлчилгээгээ тогтмол хариуцан ажилладаг. -Олон улсад нийтийн бие засах газар төлбөргүй байдаг. Цаашид нийтийн бие засах газраар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлдэг болгох боломжтой юу?-Нийслэлийн Засаг даргын 2019 оны 995 дугаар захирамжид үйлчилгээний байгууллага болон зах, шатахуун түгээх станцын бие засах газруудыг үнэ төлбөргүй ашиглуулна гэж заасан байдаг. Манайхтай гэрээ байгуулсан 16 “City toilet” үйл ажиллагааны зардалтай холбоотой төлбөр авдаг. Ерөнхийдөө урсгал зардлаа нөхөх шугамаар төсвийн алдагдлыг нөхнө. 16 “City toilet”-оос гадна зуслангийн модон жорлонг 2012 оноос хойш буулгаж, ариутгаад стандартад нийцсэн бие засах газар байгуулаад, тухайн орчмын айлуудад хариуцуулж өгсөн. Өнгөрсөн жил Зайсан руу алхдаг иргэдээс хүсэлт ирж, Зайсангийн автобусны эцсийн буудал дээр нийтийн бие засах газар байгуулсан. Бие засах газрыг байрлуулахдаа орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас 50 метр, City toilet бие засах газруудаас 500 метрийн зайд байрлуулах хэрэгтэй. Мөн нийтийн бие засах газар нь явган зорчигчийн урсгал ихтэй талбай, гудамж, төмөр зам, автобусны буудлын ойролцоо, замын нүхэн гарц, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг газар, байр, талбайн үзэсгэлэн худалдааны томооохон обьект, нийтийн хоолны газар, соёл, урлаг, спортын байгууламж, амралтын газрууд, цэцэрлэгт хүрээлэн, 30-50 гаруй автомашины зогсоол, хотын төв гудамж, 15-аас дээш худалдааны цэг бүхий төвд байрласан байх ёстой аж.
Түүнчлэн нийтийн бие засах газар нь цагт 27 буюу өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай байдаг гэсэн. Тэгвэл зөвхөн нийслэл хотод 22-23 нийтийн бие засах газар, 09:00-20:00 цагийн хооронд ажиллаж байна. Улсын хэмжээнд, байгалийн үзэсгэлэнт газруудад түшиглэсэн аялал жуулчлалын төвүүдэд нийтийн бие засах байдаг эсэх тухай дурсаад ч хэрэггүй биз ээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn