Нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарина

407

“Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн /2022.03.28/ боллоо. Иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, нэгдсэн бодлого, шийдвэрийг хэлэлцсэн  зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, Элчин сайдын яамд болон иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцсон. “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөний үеэр илтгэл тавьсан, үг хэлсэн хүмүүсийн ярианаас онцлон хүргэе.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Мод үржүүлгийн нөхөрлөл, хоршоог дэмжин ажиллана
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд ойжуулалт, нөхөн сэргээлтийг 12948 га газарт 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3500 га газарт 4.5 сая мод, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3750 га газарт 65 сая мод, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29.8 сая мод, нийт 120 сая мод тарьж, арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөсөн. Ой мод, жимс жимсгэнийн мод, ургамал, хүнсний ногоо, эмийн ургамал, мод үржүүлэх газрыг шийдвэрлэж, иргэнд эзэмшүүлэх, худаг, уст цэг, усан сан бий болгох ажлыг нийслэлийн бодлого, шийдвэрт тусган, мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоог дэмжин, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ажиллана.
 
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр: Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 15 ам метрт хүрнэ
-Дэлхийн хөгжилтэй хотуудад нэг хүнд 16-24 ам метр ногоон байгууламж ногддог бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ тоог багадаа есөн ам метрт хүргэхийг зөвлөж буй юм. Өнөөдөр Улаанбаатар хотын нийт газар нутгийн дөрөвний нэгийг  ойн сан бүхий газар эзэлдэг буюу нэг хүнд 5.1 ам метр ногоон байгууламж ногдож байна. Тэгвэл бид 2030 он хүртэлх хугацаанд 120 сая мод тарьж ургуулсны дараа  нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 15 ам метрт хүрнэ.
 
БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа: Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 8.2 хувь болж нэмэгдэнэ
-Монгол орны хувьд сүүлийн 80 жилд агаарын дундаж температур 2.4 хэмээр дулаарч, цөлжилт, газрын доройтол 76.9 хувьд хүрч, гамшигт үзэгдлийн дамтамж сүүлийн 20 жилд хоёр дахин өсөж, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин их байна. Энэ бүх сөрөг үзэгдлийг бууруулахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн тусална. Үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр өнөөдөр нийт газар нутгийн 7.9 хувийг эзэлж буй ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 8.2 хувь болон өсөх юм.
 
УБЗАА-ны Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн Ногоон байгууламж, тохижилтын нэгдсэн төлөвлөлт, бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Сүхбат: Ногоон байгууламжийг арчлахад 11.5 тэрбум төгрөг зарцуулдаг
-“Тэрбум мод”-ны хүрээнд хотын ногоон бүсэд 2-3 настай тарьц тарина. Харин ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтэд 5-7 настай суулгац тарих юм. Нийслэл орчимд найман байршилд 100 орчим га-д мод үржүүлгийн газар байгуулахаар судалж байна. Түүнчлэн цаашид тарьсан модны арчлалт, хамгаалалтын асуудал яригдана. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг арчлахад 11.5 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ нь өсөн нэмэгдэж буй ногоон байгууламжийн шаардлагатай төсвийн гуравны хоёр хувь юм.
 
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин: Ногоон сан нь ногоон эдийн засгийг хөгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалтыг татах зорилготой
-Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, байгаль хамгаалах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх төсөлд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилготой байгуулсан сан бол Ногоон сан юм.  Сангийн зүгээс хүлэмжийн хийг бууруулах, эко системийг бий болгох, ногоон ажлын байрыг бий болгох чиглэлийн компани, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллана. Мод үржүүлгийн газрууд буюу нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжүүдийг  чадавхжуулах, санхүүгийн хувьд бэхжүүлэх чиглэлээр хөнгөлөлттэй нөхцөлтэй, хямд эх үүсвэртэй санхүүгийн бүтээгдэхүүнийг энэ жилээс эхлэн  санал болгоно.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 65 (6797)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn