Хятад, Монголын сэтгүүлчдийн нүдэн дэх хөдөө нутгийн хөгжил

280
"Ирээдүйн төлөө хамтдаа, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя" сэдэвт 2022 оны Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилга 08-р сарын 31-ний өдрөөс 09-р сарын 03-ны өдрүүдэд Хянган аймгийн Улаанхот, Хорчин баруун гаран өмнөд хошуу, Залайд хошуу, Рашаан хотын хөдөө орон нутагт амжилттай зохион байгуулагдаж, Хятад, Монголын сэтгүүлчид хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх бодлого, аж үйлдвэрийн хөгжил, тариачин малчдын орлогыг нэмэгдүүлж баяжуулсан зэрэг амьд жишээ болон үр дүнтэй арга барилыг цахимаар дамжуулан танилцуулав.
   Энэ удаагийн арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Синьхуа сайтын Өвөр Монгол дахь салбар хамтран зохион байгуулав. Синьхуа сайт, Төв телевизийн Монгол сүлжээ, Солонго мэдээллийн төв, Өвөр Монголын радио телевиз хороо зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүдийн сэтгүүлчдээс бүрдсэн 12 хүнтэй сурвалжилгын баг болон Монгол Улсын сонин, радио, телевиз, сайтуудын сэтгүүлчид Хубэй муж, Юүньнань муж, Гүйжүө мужийн холбогдох аж ахуйтай цахимаар холбогдлоо.
    2022 он бол Хятад орон ядуурлаас ангижруулсан амжилтаа бэхжүүлэх болон хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхтэй үр дүнтэй уялдуулах анхны жил билээ. Мөн Монгол Улсын “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ын анхны жил юм. Энэ удаагийн Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээний гол сэдэв нь “Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх”-д төвлөрч, Хятад, Монгол хоёр орны хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхийг ахиулах зорилготой зохиогдсон билээ.
Хог хаягдлаар дүүрсэн элсэн гуу хол ойрын жуулчдыг татсан аялал жуулчлалын газар болов
   Шэнь Жюнь булангийн эко аялал жуулчлалын бүс нь Улаанхад суурины Гуугийн айл багийн Туур голын эрэг дээр байрладаг бөгөөд өмнө нь хог хаягдлаар дүүрсэн элсний нүх байсан бол өдгөө жуулчдын амарч зугаалахдаа сонгодог газар болжээ. Интернэтээр “Улаанхотын бяцхан Сань-Я” гэж яригддаг энэхүү аялал жуулчлалын бүс нь элсэн тантай мөртөө олон төрлийн тоглоомтойгоороо хүмүүст их таалаагддаг.
   Шэнь Жюнь булангийн эко аялал жуулчлалын бүсийн амжилттай өөрчлөлт нь экологийн орчныг сэргээх төсөлтэй салшгүй холбоотой юм.
Улаанхад суурины Гуугийн айл багийн намын нарийн бичгийн дарга Ван Иньшань танилцуулахдаа:
   - 2019 онд ӨМӨЗО-ы Тамхины монополын товчоо (компани)-ны хүчтэй дэмжлэгээр Улаанхот хотын Намын хороо, Засгийн газраас анхны нөөц бололцоогоо түшиглэн нийт нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөлт ба өндөр цэгийн төлөвлөлтийг хийж, Туур голын усны экологийн менежментийн төслийг хэрэгжүүлэн, эргэн тойрны экологийн орчныг иж бүрэн зохицуулж сэргээжээ. Хоёр жил гаруйн бүтээн байгуулалтын эцэст нийт 500 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Шэнь Жюнь булан нь Туур голын сав газар болон Улаанхотын намгархаг газрын экосистемийн чухал хэсэг болж ийнхүү сайхан аялал жуулчлалын орон болжээ. Аялал жуулчлалын оргил үедээ өдөрт 7000 гаруй жуулчин хүлээн авдаг байна.
   Энэ нутгийн иргэн Дүн Шюйфэний хувьд экологийн нөхөн сэргээлт нь үзэсгэлэнт байгаль төдийгүй иргэдийн мөнгөний орлогыг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болсон байв. Дүн Шюйфэн бол экологийн туршлагын бүсэд усан онгоц жолооддог.
   Тэрээр “Одоо аялал жуулчлалын оргил үе. Бид өдөрт завгүй ажилладаг. Өмнө нь гадна оронд хөлсний ажил хийж байлаа. 2020 онд экологийн туршлагын бүс нээснээр нутаг буцан усан онгоц жолооддог болж сард 4000 гаруй юанийн цалинтай болсондоо маш баярлаж байна” гэв.
   Дүн Шюйфэний адил багийн иргэд гэрийнхээ үүдэнд тогтвортой ажлын байртай болов. Уул ус нь жижиг багийг гэрэлтүүлж, экологийн нөхөн сэргээлтэд суурилсан хөдөөгийн аялал жуулчлал нь энэ багт шинэ өнгө нэмж, хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх шинэ хөдөлгөгч хүч болжээ.
Шахмал цайгаар нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна
   Сүүлийн жилүүдэд Хүбэй мужийн Чыби хот шахмал цайны аж ахуйг түлхүү хөгжүүлэх болов. Ингэснээр тариачид цай тарьж, боловсруулан орлогоо нэмэгдүүлэх буюу цайгаар дамжуулан иргэдийг хангалуун амьдралд хөтлөх болов.
   Чыби хотын Шиньдянь суурины Пү Шөүшань тосгоны Хэетангийн гэр бүл цайны ургацын үеэр ойролцоох цайны хүрээлэнд цай түүх, боловсруулах ажилд оролцон зохих орлого олдог байна.
Тэрээр "Цай түүхэд нэг жин нь 25 юань, боловсруулахад нэг цаг нь 30 юань байдаг. Өдөрт 300 юань, жилдээ бараг 50-60 мянган юанийн орлого олох боломжтой" гэв.
   Шиньдянь суурин нь Чыбигийн шахмал цайны түүхий эд үйлдвэрлэх голлох газрын нэг болно. Сүүлийн жилүүдэд Шиньдянь суурин “Компани+бааз+тариачин өрх” хөгжлийн загварыг хэрэгжүүлэх хүрээнд эко органик цайны хүрээлэнг байгуулах ажлыг эрчимжүүлж, цайны аж ахуйгаар тосгоны иргэдийг хөрөнгөжүүлэхэд анхаарсаар иржээ.
   Чыби хотын Шиньдянь суурины дарга, Намын хорооны дарга Шюй Юйлүн хэлэхдээ "Суурины хэмжээнд 16 мянган мү цайны талбай, 6 цайны аж ахуйн нэгжтэй. Жилийн үйлдвэрлэлийн өртөг 80 сая юаньд хүрдэг. Одоогоор суурины хэмжээнд цай түүж, боловсруулж байгаа хүний тоо 300 гаруйд хүрч, хүн бүрийн жилийн дундаж орлого 50 мянган юаньд хүрсэн" гэв.
     Чыбигийн эртний суурин Ян Лөүдүн нь Хятадын шахмал цайны нутаг ба шахмал цай нь Европ, Ази тивд борлогдож байсан түүхтэй. Чыби хот нь эртний суурин Ян Лөүдүнг засан сэлбэж хамгаалах ажлыг эрчимжүүлж, Ян Лөүдүнг дэлхийн цайны нэгдүгээр зэрэглэлийн эртний суурин болгосон байна. Тухайн газрын захиргаа хөнгөлөлттэй бодлого явуулж, нутагтаа ирэх хүсэлтэй олон хүнийг буцаан ирүүлж бизнес эрхлэхэд нь тус дэм болж байна.
    1990 оны залуу Хуан Кай Жэжян мужид модон сийлбэр хийж байгаад Ян Лөүдүний хөгжиж байгааг хараад нутагтаа буцаж, эртний гудамжинд цайны дэлгүүр ажиллуулжээ. Тэрээр "Дэлгүүрт хүн багатай цагт гар урлалаа хийж, жуулчны улирал болоход худалдан авагчдыг хүлээн авч, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн болох Чыбигийн шахмал цайгаа танилцуулан борлуулдаг. Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, борлуулалт ч сайжирч жилд 200-300 мянган юанийн орлого олдог болсон" хэмээн ярилаа.
    Ян Лөүдүний Мин, Чин улсын үеийн эртний гудамжинд төлөвлөлт хийсний үр дүнд Чыбигийн шахмал цайнаас бусад Шяньнин болон Чыбигийн бэлэг дурсгал, хулсан эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн, уламжлалт хоол хүнс зэрэг олон төрлийн бараатай 100-аад дэлгүүртэй болжээ. 2022 оны 11 дүгээр сард Ян Лөүдүнд ирсэн жуулчин давхардсан тоогоор 1 саяыг давжээ.
Чыбигийн соёл, аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын ХХК-ийн менежер Хуан Шяожэнь танилцуулахдаа “Жүө Эр групп гудамжийг засан сэлбэж хамгаалсны ачаар одоогийн байдлаар 100-аад дэлгүүр ажиллах болсон. Нийт 300 гаруй бизнес эрхлэгчийг урьж ажиллуулсан. Одоо ажил эрхэлж байгаа иргэдийн тоо 1000 гаруй болсон" гэв.
   Сүүлийн жилүүдэд Чыби хот үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлснээр 10 тэрбум юанийн үйлдвэрлэлийг цогцлоож, мянган оны брэндтэй болж, түмэн газрын цайны замын гэрэл гялбааг цацруулах болжээ. Ийнхүү цайны аж ахуйн хөгжлийг тасралтгүй нэмэгдүүлснээр 35 мянган ажил эрхлэгчийг уриалан 5000 гаруй өрхийн орлогыг нэмэгдүүлэн, нэг шахмал цайгаар тухайн газрын иргэдийг баяжуулжээ.
Гар урлалаар хөдөө орон нутгаа сэргээн хөгжүүлэхэд хүч нэмж байна
 Хорчин баруун гаран өмнөд хошууны Улаанмод сум нь нутаг усныхаа онцлогийг үндэслэн уламжлалт гар урлалынхаа үйлсийг одоо цагийн шаардлагатай уялдуулан шинэ хэлбэрээр хөгжүүлж, хөдөө орон нутгаа сэргээн хөгжүүлэхэд хүч нэмж байна.
   Үндэстний уламжлалт соёлоо илүү сайн уламжлан хөгжүүлж, нутгийн эмэгтэйчүүдийн ажил олголтыг нэмэгдүүлэхийн тулд Сартай багийн Эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч Шю-Юнь 2016 онд “Саралан” эмэгтэйчүүдийн гар урлалын хоршоог үүсгэн байгуулж, захад зохицсон хатгамлын бүтээгдэхүүний урлах болжээ. Шю-Юнь танилцуулахдаа:
    - Манай хоршоонд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 20 гаруй хатгамалчаас гадна хатгамалд дуртай, сурах хүсэлтэй хүн олон байна. Манай баг хатгамалч охидод зориулсан сургалтын анги нээж, үнэ төлбөргүй сургалтад хамруулж, гар урлалын ур чадвараа уламжилж байна. Өнөөг хүртэл 40 гаруй сургалтыг амжилттай зохион байгуулж, 3000 гаруй эмэгтэйг сургалтад хамруулсан.
    Тус хоршоо нь 2017 онд "Саралан" брэндийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш суурины Засгийн газар ба тал бүрийн дэмжлэг, сурталчилгааны үр дүнд Монгол үндэсний уламжлалт хатгамал хувцас, аялал жуулчлалын бэлэг дурсгал, соёлын дурсгалт бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэглээний зүйлс зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, улсын дотоодын олон нутгаар борлуулах болсон төдийгүй Япон улсад экспортолж байна. 2018 оноос хойш тус хоршоо жилд дунджаар 58 хүнийг шууд ажлын байраар ханган, нэг хүнд ногдох жилийн дундаж орлогыг 5000 юаньд хүргэжээ.
    Шю-Юнь мөн ядуу буурай амьдралтай 50 өрх, 134 иргэнийг бүртгүүлж, өрх бүрийн жилийн дундаж орлогыг 1000 юаниар нэмэгдүүлж, хатгамлын ур чадварыг уламжлахын дээр ядуурлыг бууруулж, хөдөө орон нутгаа сэргээн мандуулахад хувь нэмрээ оруулж байна.
Сургалтын бааз нээж хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлж байна
    Синхуа баг нь Залайд хошууны үлгэр жишээ баг юм. Хөдөөгийн соёл иргэншлийг сурталчилж, тосгоны оршин суугчдын бие даасан байдлыг дэмжсэн, соёлжсон хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, шинэ хэлбэрийн малчин тариачдыг төлөвшүүлэх зорилгоор нэг жил гаруйн хугацаанд бэлтгэл хийсний эцэст 2022 оны 06 дугаар сард нийт 500 мянган юанийн хөрөнгө оруулалт хийж, 200 метр квадрат талбай бүхий газар эзэмшиж Синхуа багийн ядуурлаас ангижруулах цехийг албан ёсоор ашиглалтад оруулжээ. Ядуурлаас ангижруулах цех нь бургас нэхэх болон оёдлын цехтэй. Багийнхаа 35 бүсгүйг ажилд авч, сарын дундаж орлогыг 2000-3000 юаниар нэмэгдүүлжээ.
    Биднийг очиход Синхуа багийн цехийн ажилтан Жан Лиянь багийнхаа бүсгүйчүүдийн хамт бургасан цэцгийн сагс нэхэж байлаа. “Бургас сонгох, бургасыг усанд дарах, суурь тавих зэргээс эхлээд хаалт хүртэл арав гаруй үйл явц байдаг бөгөөд үйл явц бүр нь нарийн ажиллахыг шаарддаг” хэмээн Жан Лиянь ярив. Тэрээр мөн:
   - Өмнө нь ядуурлаас ангижруулах цех байгуулагдаагүй байхад багийнхаа хэдэн бүсгүйн хамт тосгоны соёлын өрөөнд бургас нэхдэг байлаа. Бид уламжлалт урлалын үндсэн дээр шинэлэг, бүтээлч загвар зохион бүтээж, цэцгийн сагс, жимсний сагс зэрэг ахуйн хэрэглээний эдлэлээс эхлээд цэцэрлэгийн хүрээлэнгийн томоохон гар урлал хүртэл хөгжиж ирсэн. Урьдчилсан сургалтад хамрагдсаны дараа хүн бүр бие даан ажиллах болсон. Эхэндээ манай багт бургас нэхдэг 5 хүн байсан. Одоо 12 хүнтэй болж, хамгийн ахмад нь 63 настай.
   Хөдөөгийн сэргэн мандалтад илүү их хувь нэмэр оруулахын тулд ядуурлыг бууруулах чиглэлээр төрийн бодлогыг цаг тухайд нь хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, гар урлалын бүтээгдэхүүнүүдийг тогтвортой борлуулж, бодит хүндрэлийг шийдвэрлэхэд тус дэм болж байна хэмээн Синхуа багийн Намын нарийн бичгийн дарга Дин Яньшю ярилаа.
   Синхуа багийн ядуурлаас ангижруулах цех нь бургас нэхэх соёлыг уламжлаад зогсоогүй “уламжлалт гар урлал” нь хөдөөгийн сэргэн мандалд шинэ замыг нээжээ.
Зохиогч:
Бэлтгэсэн: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Найруулагч:
Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
Солонго Мэдээллийн Төв
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn