Орос гацааг хоёр хөршийн гацаа гэсээр байх уу?

306
Өнгөрөгч зууныг бид “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх амны уншлагаар үдсэн бол энэ зуунаас “хоёр хөршийн гацаа” гэх хэллэгт шилжсэн нь бас ч гэж ахиц шүү. Хятадын аюулыг бурхны ачаар (биш ээ би хадуурч байна) орос ахынхаа ачаар амсангүй ээ хөөрхий. Зөвлөлтийн тусламж Хятадын аюул аль аль нь арилжээ гэвэл улстөрийн хэрэгт ороогдох уу? Зөвлөлтийн тусламжийг арилсан гэлээ, Хятадын аюулыг арилсан гэлээ гээд урьд бол ална. (Зөвлөлт Монголын найрамдалд цав суулгалаа. Хятадын талыг баримтлалаа гээд олон шилдэг сэхээтэн бүх насаараа цөлөгдөж, цөөнгүй нь амиа алдсан). Тиймээс “улстөрийн хэргээр ороогдох уу?” хэмээн лавлаж байна.
Өдгөө Зөвлөлтийн тусламж байтугай нөгөө агуу Зөвлөлт минь алга. Харин Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг болжээ. Өөрчлөгдөхгүй юм гэж байх биш. Нүүдэлчид хүртэл ардчилагдаж, “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх таринаа “Хоёр хөршийн гацаа” гэж шинэчилснийг дээр дурдсан. Зөвлөлт импер мөхөж, социалист лагерь нурснаар бяцхан эдийн засагтай цөөхөн монгол үнсэнд хаягдав. Үүнд хэн ч буруугүй. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гээд монголчууд бие дааж өндийх арга хайв. Мөнгөгүй. Хувхай. Коммунизм байтугай СССР ч үгүй хоцорсон Монгол хөрөнгө оруулагч дуудаж хөлдүү мухраас өлссөн боохой мэт баахан улив. Хоёр их гүрний завсар дээвэргүй шоронд зуун жил хашигдсан буурай Монголыг ардчилал, чөлөөт зах зээлд зоригмог хөл тавив гээд хөрөнгө оруулагчид Орос Хятадыг даваад үүд сөхлөө. Ашигт малтмалын үнэ, урд хөршийн хэрэглээ өсөх мөчлөг азаар таарч эдийн засаг сэргэв.
Тэгтэл нэг хачин юм болох нь тэр. Зөвлөлт тусламж Орос гацаанд хувираад дээрэлхэв. Монголд орж ирсэн барууны хөрөнгө оруулагчдыг оросууд үздэггүй. Нэг үгээр орос ах нар биднийг баруунаас харамлаад жигтэйхэн. Тэд Монголоос гурав дахь түншийг ХХ зууны сүүлийн хагаст тангараг тасарч явсан Маогийн Хятадаасаа ч илүү хажиглалаа. Оросууд Канадын Хан ресурс компанийг манай Засгийн газраар (арбитрын шүүхийг ах нь аргалж өгнө хэмээн панаалдаж) хөөлгөөд, Монгол улсыг 100 сая доллараар торгуулав. Тэгээд зогссонгүй Оюу толгойгоос Рио Тинтог зайлуулахаар шордлоо. Ах маань барууны хөрөнгө оруулалтыг жийлгээд зогссонгүй БНХАУ-ын нэг тэрбум долларын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр барьж эхэлсэн Эгийн УЦС-ын санхүүжилтыг хаав. Хятад хөрөнгө оруулалтай Багануурын ДЦС бас зогслоо. Хятадад уусах аюулыг дэвэргэв. Коксжих нүүрсээ хилийн дөнгөж цаана орших Бугатын гангийн үйлдвэрт тээвэрлэх уурхайн төмөр зам тавих гээд мануус үзэж тарсан чинь ахын далд хатгаасаар 280 сая долларын овоологтой хоцорлоо. 
Монголчуудад нэг зовлон байдаг. Бид “оросууд гацаалаа” гэж шууд хэлж зүрхэлдэггүй. Айсандаа “хоёр хөрш гацаав” хэмээн хамсруулж, өмнөд хөршөө зөөлчилж, умард хөршөө зөөллөдөг. Ийм хулчгар зан хойч үеийн залууст биднээс халдварлаад арилаагүйд харамснам. Миний хүндэлдэг нэрд гарсан авъяаслаг сэтгүүлч эмэгтэй “Эгийн голын усан цахилгаан станцыг 20 жил хоёр хөрш маань гацаалаа” гэж “Өдрийн сонин”-д бичжээ. Хятад саатуулах байтлаа “станцаа барь” гэж тэрбум доллар урт хугацаанд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлүүлэх гэв үү. Үүнийг яагаад иш татав гэвэл би ч гэсэн Оросын дээрэнгүй авирыг үнэнээр нь хэлэхээс хулчийж насыг элээлээ. Харин одоо “хоёр хөрш” гэж бүдэгрүүлэлгүй хэн нь гацааж буйг бичье. Муу эрийн зориг үхэхийн өмнө ордог болтой.
Эгийн УЦС-ын талаар Хятадын тал “Оросууд бидэнд бичиг явуулаад байна. Түр зуур санхүүжилтээ зогсооё. Та нар оросуудтайгаа учраа ол” гэжээ. Монгол нь Оросоо зөвшөөрүүлж дөнгөвөл санхүүжилтээ үргэлжлүүлье гэсэн БНХАУ-ын хандлагыг монгол сэтгүүлч “Хоёр хөрш Эгийн УЦС-ыг гацаав” гэж бичих угтаа манай сэтггүүл зүйн номлол юм. Энэ төсөл 30 жил гацаж буй. Хаанаас гацаадгийг бүгд мэднэ. Тайлбарлаж нурших шаардлагагүй ил дол болсон дарамт. 
Тэгтэл саяхан өдөр тутмын нөгөө сонин ингэж бичиж: “хэсэг бүлэг нөхдүүд Байгал нуурын ус ширгэнэ гэсэн таамаг төдий зүйл ярьж, түүнийгээ улаан цээжээрээ хамгаалчихаад бариулахгүй байгаа. Тэд оросууд биш. Иргэний хөдөлгөөнийхөн гэж өөрийгөө нэрлэсэн манай улсын иргэд. Ингэж сунжирсаар 2015 онд Эгийн цахилгаан станцыг урд хөршийн хөнгөлттэй зээлээр барих болсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үед Хятадын тал “ОХУ зөвшөөрвөл бид санхүүжүүлж болно” гэж байв. Бид Оросын, эсвэл Хятадын харъяат уу. Ингэж хэлснээс нь дүгнэхэд ямар ч байсан тусгаар улс биш, өөрийн мэдэлгүй улс юм шиг байгаа юм” гэж гацааг иргэний хөдөлгөөн ба Эгийн УЦС-ыгсанхүүжүүлж байсан БНХАУ-д тохож, “Тэд оросууд биш” гэж зусардсаныг хар. Хойш харж бялдуучлаад, урагш харж гүтгэдэг суртал мөн л маниас угшилтай. Мэдээж Хятадыг өмөөрлөө гэнэ. Өмөөрөх юмыг өмөөрч, өмөөрөмгүй юмыг өмөөрдөггүй хүн бол суут нэгэн бус жирийн ард. 
Хятадын мангас шиг хэрэглээ, хөрөнгө оруулах бэл бинчингээс олз уутлах гэж Монголоос бусад улс хошуурч байна. Энэ аварга зах зээл, үсрэнгүй хөгжлөөс хаяа нийлсэн бид л 30 жил зугтав. Зүгээр ч зугтсангүй. Оросод таалагдах гэж хуучин зуршлаараа доромжилж гөрдөнө. Өмнөд хөршийн эдийн засаг голлосон бодлого өндийх гэж ядаж буй цөөн буурай бидэнд ус агаар шиг чухал. Их хөршийн аядуу хандлага манд том боломж. Энэ эерэг өгөгдлөөс гарааны бизнес болгож овжноор ахиухан хүртэж тамиржаад цааш солонгорсон эдийн засгаа ярь. Нүүрс Оросод хэрэггүй. Хятадад хэрэгтэй. Оростой муудах, Хятадтай сайдах гэлээ гэх нүдэн балай зодоон чинь олзны амыг хааж олноо хорлов. Оросын гацаасныг “Орос гацаасан” гэж үнэнийг шууд хэлэхийн оронд “хоёр хөрш гацаасан” гэж өмнөд хөршөө гөрдөх Төрийн бодлого болсон ч юм шиг. Тусалсныг тусалсан, гацаасныг гацаасан гэж тодорхой мэдээлэх дэлхийд таалагдана. 
Амттанд хорхойссон монгол үнэрч нохдоор 90 оны ардчилагчдын дундаас Бодоо хоёр Данзан Шагдаржав Хаянхярваа Гэндэн Дэмид Амар нарын үлдэгдлийг илрүүлэх ажиллагаа өрнөв. Энержи ресурс, Шиньхуа, Сумитомотой ардын дайсан М.Энхсайханы ноороглосон гэрээнд, сэм шургуулсан, эх орноо 100 жил харьд зүгээр өгөх хорлон сүйтгэх санааг УИХ-ын 75 мулгуу илрүүлж чадахгүй гээд чуулганаар хэлэлцүүлэлгүй ганц мунадаг гишүүн Л.Эрдэнэчимэгээр нэвт хянуулаад, С.Эрдэнэ (АН-ын дарга С.Эрдэнэ биш телевизээр өөртөө гал тавигч, одоо чихээ огтолно гэж зүрх муутай хөгшдийг цочирдуулж буй цогт эх оронч С.Эрдэнэ), УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг, ҮАБЗ-ийн н\б дарга А.Гансүх гэх хүчирхэг гурав гэрчлээд Монгол ялав. Эрлийз хурлийз нараас Төр Засгаа цэвэрлэе уриатай телевизийн женко цувралыг экс Ерөнхийлөгч яллагдагч, луйварчин, хулгайч Ц.Элбэгдорж хаасныг Х.Баттулга Ерөнхийлөгч одоо нээж хүн амаа гэгээрүүл. Хятадын гацаасан төслүүд болон урдаас орж ирэх төмөр замууд манай баялгийг хуу зөөж цөлмөх байсныг сэнхрүүлээд өгөхийг гуйя.
Э.Бат-Үүл “Манжийн эрхшээлд байх үед Монголын төрийн зүтгэлтнүүдийг Манж, Бээжингийн захиалгаар толгойг нь авч байсан. Зөвлөлтийн нөлөөнд байх үед манай Ерөнхий сайд, Төрийн зүтгэлтнүүдийг зөвлөлтийн коммунистуудын захиалгаар егүүтгэж байлаа” гэж ярилцлага өгчээ. Бээжин манай хэн хэн гэгч хэдэн зүтгэлтний толгой авсныг тодруулъя Бат-Үүл ээ. Чи бид цөм “Манжийн дарлал” гэх амны уншлагатай. Хоосон уншлага маани мэгзэм мэт явцгүй ажээ. Баримтжуулъя. Бээжинд цаазлуулсан дээдсийгээ бүгдийг мэдэж авъя. Москвад 149 сайд дарга нарыг буудсан ил болов. 149-ийнхөө нэрийг сурах бичигт жагсааж, оросуудад хилсээр буудуулсан хөөрхийсдөө хойч үеэ мөргүүлье. Бээжинд цаазлуулсан эх орончдоо би мэдэхгүй 80 настай зохиолч аж. Ичмээр. Драмын театрын уран бүтээлчид манжууд хүүгийн нь толгойг царан дээр тавиад чин ван Ханддоржид өглөөний зоог болгон барьж буй жүжиг тавьжээ гэж шуугив. Үнэн бол тийм муухай юм гэж байж болох уу? Худлаа бол хөршөө тэгж гүжирдэх ертөнцийн шившиг. Цөөхөн ард түмнээ мөнхийн их хөршийнхөө эсрэг тэгж турхирах юуны цондон бэ. Зөв бурууг хольж хутгасан “Хоёр хөршийн гацаа” гэх бохир бантан даамжирсанд үүнийг нуршив. Брежнев, Мао, Цэдэнбалын үзэл суртлын загвараас салаагүй бид ХХI зуунд амьтны адаг, адууны хомоол болжээ. 
Нэг хөршийн ч бай, хоёр хөршийн ч бай гацааны үр дүнд хойд хөрш бидний урдуур нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Бяцхан Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр шар нар бор хоног элээх агуу Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү?! Хорвоо уужим гэдэг монгол үгээ их хөршдөө өргөе. Хоёр хөршийнхөө нэгийг “бурхан” нөгөөг “чөтгөр” гэж туйлширснаас “хоёул хүн” гэж ойртуулах-дэвшил. Гэвч нэгний нь атгаг санааг хөнгөлж, нөгөөд нааж ижилсүүлэх тэнэглэл. Нөгөө хөрш оролцоогүй бол яах вэ? Бусдын гэмээр нэрээ хөөдөхийг хэн ч хүсэхгүй. Их гүрэн ашгүй одоохондоо тоодоггүй. Хэрэв тоож хатуурхвал түүхий эдээ мөнгө болгодог гол урсгал татарч ядуу Монгол улам уруудна. “Хоёр хөрш гацаав” гэж бидний долигонодгийг орос ах санах ч үгүй. Орос ахын тархи юун Монголыг санах мантай. Англи Америк Европын холбоо Нато Сири Турк гээд зай завсаргүй байгаа.
Хоёр нүүрт хоцрогдсон авираа хаяж, умард өмнөд хөршийнхөө мөс чанарыг зориуд дөвийлгөлгүй, зориуд гутаалгүй бодит хэмжээнд нь зөв цэгнэе. Тарамдсан бодлоо хоёрхон цэгт хумь. Нэгд ямар ч гацаанд бүү маллуул. (Харанхуй омог мэхлүүдгээс гэгээрсэн нь дөнгүүлдэггүйг түүх хэлээд өгнө). Хоёрт гадны гар хөлийг Төрийнхөө жолоонд бүү ойртуул. (Тийм эрхийг сонгогч бүрт ардчилал олгосон). Энэ хоёр санаа бүтвэл тээглүүлэгч оньс мултарч ядмаг эх орон чинь зөнгөөрөө хөдөлнө. Хойч үеийг минь бурхан өршөө. 

Ц.Доржготов
Эх сурвалж: baabar.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn