Үндэсний хорооноос түгжрэлийг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулав

109
Нийслэлийн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны V дугаар хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн,  Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулав.
 

Б.ДЭЛГЭРСАЙХАН: МЕТРОНЫ ТӨСЛИЙГ БОГИНО ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БҮХИЙ Л АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЖ АЖИЛЛАНА

 
Тэрбээр "Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй автозамын түгжрэлийн асуудалд дүн шинжилгээ хийх, түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах, гарц шийдлийг эрэлхийлэх нэгдсэн нэг бодлогын дор зангидаж үйл ажиллагаагаа явуулан цаг алдалгүй үр дүнд хүрэхэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, холбогдох яам агентлагуудтай хамтран 2022 оны 341 дүгээр тогтоолоор хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороог байгуулсан билээ.  Миний бие цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор Автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас гадна хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, дагуул хот байгуулах, хүн амын хэт төвлөрлийг задлах зорилгоор Чингисхаан олон улсын нисэх буудлыг түшиглэсэн шинэ хот байгуулах, эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ зуун мод хот байгуулах ажлыг ахалж ажиллахаар болоод удаагүй байна.  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого,  "Алсын хараа-2050", Улаанбаатар хотын шинэчилсэн ерөнхий төлөвлөгөө-2040,  зэрэг суурь бодлогын бичиг баримтууд, орон нутгуудыг тэнцвэртэй хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотыг амьдрахад таатай, хүн төвтэй хот болгон хөгжүүлэх, зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.  Мөн "Шинэ сэргэлт"-ийн бодлогын дунд хугацааны үндсэн зорилтын нэг болох Хот хөдөөгийн сэргэлт зорилтын хүрээнд хөгжлийн тэнцвэрийг хангах, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих замаар хотын хүн амын хэт төвлөрлийг бууруулах, хүн амын шилжилт хөдөлгөөний зохистой түвшинд барих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.  Статистик судалгаагаар,  1.7 сая хүн буюу Монгол Улсын нийт хүн амын  тал хувь нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг, улаанбаатар хотод амьдарч байна.  Түгжрэлийн асуудалд Улаанбаатар хотын шинэ удирдлагатай хамтран анхаарал хандуулан ажиллаж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг мөн эрчимжүүллээ.  Монгол Улсын Засгийн газраас метротой болох түүхэн шийдвэр гаргалаа.  Метроны төслийн эхний ажлууд хийгдэж, удахгүй олон улсын зах зээлд нээлттэй тендерийг зарлана.  Энэ асуудалд Хотын удирдлага гол үүрэгтэй ажиллаж байгаад талархаж байна.  Метроны хувьд өмнө нь хэд хэдэн судалгааг хийж байв.  Харин энэ удаа Засгийн газрын хэмжээнд авч үзэж шийдвэрлэснээрээ онцлог юм.  Энэ нь түгжрэлийг бууруулах ажилд томоохон алхам болно. Миний бие метрог аль болох богино хугацаанд барих бүхий л арга замыг ирэлхийлэн ажиллах болно.  2024-2028 онд эхний ээлжийн шугмуудыг хэрэгжүүлсэн байдлаар тусгаад байна.  Санхүү, хөрөнгө мөнгөний асуудлыг харахад боломжийн хэмжээнд хэрэгжүүлнэ гэсэн итгэл үнэмшил харагдаж байна.  Бодлогын томоохон бичиг баримтын хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх түүнтэй уялдуулах урт, дунд хугацааны товчхон, харин ойрын хугацаанд нэн даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж энэ удаагийн үндэсний хорооны хурлаар гишүүд та бүхнээр хэлэлцүүлж байна.  Түгжрэлийн бас нэг үндсэн шалтгаан нь төрийн үйлчилгээг хотын төв рүү хэт төвлөрсөн байдлаар шийдсэн асуудал юм.  Тиймээс хотыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах дэд төвийг байгуулах, зах хэсэгт төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэдэг байх дээр хотын удирдлагуудтай тодорхой ажил хийхээр төлөвлөлөө. Ирэх жилээс тодорхой бүтээн байгуулалтын ажил өрнөж, эхэлнэ”  гэдгийг онцолж байв.
 

200 МЯНГАН ИРГЭНИЙГ АВТОМАШИНААС НИЙТИЙН ТЭЭВЭР РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ

 
Үндэсний хорооны хурлын үеэр Нийтийн тээврийн салбарыг шинэчлэх түүнтэй холбоотой авах арга хэмжээний талаарх илтгэлийг Үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Тамир танилцууллаа.  Түүний илтгэлээс онцлоход, 
-Манай үндэсний хороо нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг хэрхэн өөрчлөх, хэрхэн бэлдэх, нийтийн тээврийн үнэ тарифыг иргэдэд аль болох хялбар байдлаар шийдэх тухай судалгааг хийлээ.
-Бид 2025 он гэхэд 200 мянган иргэнийг хувийн автомашинаас нийтийн тээвэр рүү шилжүүлэх боломжтой гэж харж байна.  Олон улсад хэрэгждэг  "3Е"-гийн зарчмаар энэ боломжийг тооцоолсон.
-Одоогийн байдлаар Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 8-9 км цаг байна. 2024 онд үүнийг 30-35 км цаг.  Цаашдаа 50-60 км цагт хүргэх боломжтой гэж тооцож байна. 
-Нийтийн тээврийн сүлжээнд иргэд маань хотын нэг захаас нөгөө зах хүртэл ямар нэгэн дамжин суулт хийхгүйгээр нэг автобусаар гарч байна.  Мөн гол гудамж зам руу төвлөрсөн төвлөрлийг үүсгэдэг ийм нөхцөл байдалтай байна.  Тухайлбал, Хархорин захын арын буудал дээр гэхэд 28 чиглэлийн автобус давхцал үүсгэн зогсдог.  Мөн хуучин Петербургийн буудал дээр 22 чиглэлийн автобус зогсож байна.  Үүнээс үүдэн иргэд яг өөрийн суух автобусандаа суухаас биш дамжин суух гэсэн ойлголтгүй байна.
-Бид эхний ээлжинд богино хугацаандаа Улаанбаатар хотын таван гол магистрал зам дээр нийтийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх байдлаар автобусыг өглөө оройны ачаалал өндөр цагт нь 1.3 минутын интервалтайгаар хөдөлгөөнд оролцуулна.
-Үүний дараа зургаан тойргийн 12 чиглэлд 98 автобусыг 2.5-5 минутын интервалтайгаар зорчуулна.  Тухайн тойрогт автобуснууд өөдөөсөө зөрж зорчино гэсэн шийдлүүлийг танилцуулсан юм.
 

“ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОСНООР ТҮГЖРЭЛ 20 ХУВЬ БУУРАХ БОЛОМЖТОЙ”

 
Улаанбаатар хотын автомашины цахим гэрчилгээний талаар Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга Б.Давааням танилцууллаа.  Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд RFID цахим гэрчилгээ олгох ажил үргэлжилж байна.  Ухаалаг систем RFID-ийг суурилуулснаар Улаанбаатарын авто зам дээрх 2.8 сая зорчилт хөдөлгөөнийг зохицуулах боломжтой. Мөн автозам дээрх зөрчил эрс багасч, зохиомлоор үүсдэг түгжрэлийг 20 хувь бууруулах боломжтой. Жолооч хөдөлгөөнд соёлтой оролцохоос гадна замын хөдөлгөөний танхайрлыг зогсоох нөхцөл бүрдэнэ гэж тооцоолсон гэв.
 

Д.ОЮУНБОЛД: ЗОГСООЛЫН МЕНЕЖМЭНТ ХИЙНЭ

 
Зогсоолын үйл ажиллагаа, ачааны машины хөдөлгөөн зохицуулалтын талаар Үндэсний хорооны ажлын албаны хууль зүйн  асуудал хариуцсан шинжээч Д.Оюунболд танилцууллаа.  Тэрбээр “Нийслэлд өдөрт 250-300 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог.  Үүний 64 хувь нь хувийн машин байна.  Үүний 44 хувь нь ажлын шугмаар хөдөлгөөнд оролцдог. Сургууль цэцэрлэгт хүүхдээ өгөх авахад 25 хувь, амралт чөлөөт цагаа өнгөрөөхөөр 17 хувь, бусад зорилгоор 14 хувь нь оролцож байна. Нийслэлийн хэмжээнд 70 мянга орчим зогсоол байдаг.  Үүнийг цаашид гурван бүсчлэлд хувааж, зогсоолын төлбөрийн менежмэнт нэвтрүүлнэ.   Энэ бүсүүдэд зогсоолын төлбөр харилцан адилгүй байна. Зогсоолын хүрэлцээ бага газарт төлбөр өндөр. Зогсоол их газар харьцангуй бага байна.  А бүсэд нэг цаг нь 5000, хоёрдугаар бүсэд 4000, гуравдугаар бүсэд 3000 төгрөг байхаар саналаа НИТХ-д хүргүүлээд байна.  Ингэснээр Нийслэлийн Замын хөгжлийн санд төвлөрөх төсөв нэмэгдэнэ.  Мөн зогсоолын үйл ажиллагаан дээр тавьж буй хяналтыг сайжруулах боломжтой” гэлээ.
 

“14 БАЙРШИЛД ЗАМ, ГҮҮРИЙГ ШИНЭЭР БАРЬЖ БАЙГУУЛЖ БАЙНА”

 
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг нэгдсэн бодлогыг танилцуулав.   Тэрбээр “Автозамын сүлжээг нэмэгдүүлэх, гол болон туслах гудамж замын холбоосыг сайжруулах зорилгын хүрээнд 2023 оны нийслэлийн төсөвт шилжих 36.0 тэрбум, шинэ 87.4 тэрбум төгрөгийг тусган баталж, 14 байршилд 19.27 км авто зам, гүүрийг шинээр барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна. Эдгээр зам, замын байгууламж, гүүрийн ажлыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. “Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн хоёрдугаар шугамын ТЭЗҮ-г боловсруулсан ба нарийвчилсан зураг төслийг эцэслэн 2024 оны хоёрдугаар улиралд барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.  “Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн нэгдүгээр шугамын чиглэлийг тодорхойлохоор ажиллаж байна. Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлийн төлөвлөлтийг судалж, өөрчлөх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг ажилласан бөгөөд долоон чиглэл санал болгож, тусгайлсан мэргэжлийн багийн судалгаатайгаар эдгээрээс сонголт хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргаас төслийн нэгдүгээр шугамын чиглэл сонголтын урьдчилсан харьцуулсан судалгааг гүйцэтгэгч “Пома” группээр гүйцэтгүүлэхээр тохиролцоод байна” гэлээ.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 241 (7226)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn