Газар хөдлөлтөд өртөж хазайсан барилгуудыг нурааж байна
Өнгөрсөн 1-р сарын 1-ний өдөр Японы төвийн бүсэд болсон газар хөдлөлтөд өртөж, хазайсан барилгуудыг бүр мөсөн нураах ажил эхэлсэн байна. Тодруулбал, газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Ишикава мужийн Сүзү хотын зарим барилга далийж, явган хүний зам дээрээс нурж унах эрсдэлтэй байгаа тул урьдчилж бүрэн нурааж цэвэрлэх ажил явагдаж эхэлжээ.
Ишикава мужид бараг 75 мянга гаруй барилга газар хөдлөлтөд өртөж гэмтэж сүйдсэн. Эдгээрээс явган хүний зам, автозам дагуух барилгууд иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй байна. Хэдийгээр газар хөдлөлтөд өртөж хэвийсэн ч засаж янзлаад дотор нь амьдарна гэж бодож хүлээж байсан иргэдийн хувьд энэ арга хэмжээ хүнд туслаа гэдгийг иргэд хэлж байна. Гэвч 12 мянган хүн амтай Сүзү хотод багадаа 50 барилга иргэдийн дээрээс нурах аюултай байгаа тул албадан нураахаас өөр аргагүй гэдгийг албаныхан тайлбарлаж байна. Тэгвэл газар хөдлөлтөд хамгийн их өртсөн төвийн бүсийн Ното хойгт одоо ч гамшгийн дараа 22 мянга орчим өрх, албан байгууллага цоргоны усгүй байсаар байна. Хотын удирдлагууд иргэдэд ундны ус зөөвөрлөж түгээж байгаа гэсэн мэдээлэл байна. Түүнээс гадна энэ хойгт 10 мянга орчим хүн одоо ч түр хоргодох байранд амьдарч байна. Эдгээр иргэдийг орон байраар хангахын тулд нурж сүйдсэн барилга байгууламжуудыг цэвэрлэх, усны хангамжийг сэргээх, иргэдийг байлгах түр байрууд барих ажил явагдсаар байна. Хоргодох байранд байгаа хүмүүс сайн дурын байгууллагын тусламжтай аж төрж байна. Мөн зарим хувийн байгууллага, зоогийн газрууд тусламжийн хоол хүнсний хангамж илгээсээр байна. Гэвч эдгээр тусламжийн бараа хэрэгсэл цаашдаа багасах төлөвтэй байгааг албаныхан таамаглаж байна.