Украины асуудлаарх дээд түвшний уулзалтын эцсийн мэдэгдлийг 80 улс дэмжжээ

145


Украинд энх тайван тогтоох асуудлаарх дээд хэмжээний уулзалт Швейцарт улсад боллоо. Бюргеншток гэдэг рашаан сувиллын газарт хоёр өдөр үргэлжилсэн бага хурал хамтарсан мэдэгдэл гаргаснаар өндөрлөжээ. Бага хуралд барууны орнуудаас голдуу, мөн хөгжиж буй зарим томоохон улс орны 100 орчим төлөөлөгч оролцлоо. Уулзалтад оролцогч 80 улс Украины "нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал"-ыг Оростой хийж буй дайныг зогсоох аливаа энхийн гэрээний үндэс суурь болгохыг уриалсан боловч хөгжиж буй зарим томоохон орон эл уриалгад нэгдээгүй байна.

Цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, хоригдол солилцоо гэсэн гурван гол асуудалд гол анхаарал хандуулсан эцсийн баримт бичигт Саудын Араб, АНЭУ, Бразил, ӨАБНУ, Энэтхэг, Тайланд, Мексик зэрэг орнууд гарын үсэг зураагүй байна. Мөн Ватикан дэмжээгүй байна. Уг мэдэгдлийг дэмжсэн орнуудын дотор Швейцар, Турк, Европын Холбооны гишүүн орнууд болон АНУ багтжээ.  НҮБ-ын Дүрэм болон "нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэх" нь Украинд цогц, шударга, бат бөх энх тайвныг тогтоох үндэс суурь болж чадна гэж эцсийн мэдэгдэлд дурдсан байна. 

Дайныг эхлүүлсэн Орос улсыг уриагүй тул хоёр өдөр үргэлжилсэн бага хурал нь дайныг зогсооход төдийлөн нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна. Уг хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн Оросын гол холбоотон болох Хятад, ажиглагчаар оролцсон Бразил улсууд хамтран энх тайвны өөр замын зураглалыг гаргахыг оролдож байна.

Эцсийн мэдэгдэлд гурван асуудлыг тусгажээ 
  • "Запорожье" атомын цахилгаан станц болон бусад цөмийн байгууламжийг Киевийн хяналтад буцаан авах. “Украины эсрэг аливаа аюул занал учруулах, цөмийн зэвсэг ашиглахыг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. 
  • Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гуравдагч орнуудад аюулгүй нийлүүлэх. “Хүнсний аюулгүй байдлыг зэвсэг болгон ашиглах ёсгүй” гэж мэдэгдлийг гаргагчид онцолсон байна. 
  • Олзны бүх цэргүүдийг солилцох, мөн хууль бусаар шилжүүлсэн иргэд, тэр дундаа хүүхдүүдийг Украин руу буцаахыг уриалжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn