“IPhone 16”-гийн эрэлт бага байгаа тул “Apple”-н хувьцааны ханш уналаа
“TF Securities”-ийн шинжээч Мин-Чи Куо “Даваа гарагт шинэ “IPhone”-ы эрэлт хүлэээж байснаас доогуур буюу “IPhone 15”-ын эхний долоо хоногийн борлуулалтаас 12%-иар буурсан” гэж мэдээллээ. Түүнийг ингэж мэдээлсний дараа “Apple”-н хувьцааны ханш 2.8%-иар унасан байна.
Шинэ “IPhone 16” загварын утасны урьдчилсан захиалгыг өнгөрсөн баасан гараг буюу 9-р сарын 12-ноос авч, 9-р сарын 20-нд худалдаанд гаргасан. Эрэлт буурах гол хүчин зүйлсийн нэг нь “Apple Intelligence”-ийг “IPhone 16”-тай хамт худалдаанд гаргах боломжгүй байгаа явдал гэж үзэж байна. Нөгөө талаас Хятадын зах зээл дэх ширүүн өрсөлдөөн “IPhone 16”-гийн эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлж байгаа аж. BOFA-н шинжээчид “IPhone 16 pro” болон pro max загваруудын тээвэрлэлтийн хугацаа уртассан боловч өмнөх онтой харьцуулахад чамлалттай байгааг дурджээ.
Үүнтэй холбоотойгоор “Apple” компани Австрали, Энэтхэгт “IPhone 16” утасны үнийг хямдруулсан байна. “IPhone 16 pro” болон “IPhone 16 pro max” нь бусад загвараас дэлгэц, камерын үзүүлэлтээр илүүрхэж байгаа бөгөөд үнийн хувьд 999 ба 1199 ам.доллароос эхэлдэг. Мөн “Apple” компани уг шинэ загварын утсаа хамгийн нимгэн хүрээтэй, титан нь зэвэрдэггүй, хамгийн сайн батерейтай гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNBC
Б. Хулан