ЦЕГ: Телеграмм платформ ашиглан монголчуудаас 10.3 тэрбум төгрөг залилжээ

44

Гадаад улсын гэмт бүлэглэлээс цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Кибер аюулгүй байдлын зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга хурандаа С.Тайван: Манай улсад сүүлийн дөрвөн сарын байдлаар телеграмм платформ ашиглан 619 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ гэмт хэргүүдээс иргэдэд 10.3 тэрбум төгрөгийн бодит хохирол иргэдэд учирсан. Улаанбаатар хотод 457 залилах гэмт хэргийн тохиолдол гарсан. Энэ гэмт хэргүүдээс болж 6.8 тэрбум төгрөгөөр хохирсон байна. Телеграмм платформ ашиглан залилах гэмт хэргийн гурван хохирогч тутмын хоёр нь эмэгтэй хүн байна. Хохирогчдыг насны бүлгээр нь авч үзвэл 25-34 насны иргэд хохирогчдын хамгийн их хувийг эзэлж байгаа. Түүнчлэн, хохирогчдын нийгмийн байдлыг нь авч үзвэл 62.5 хувь нь дээд боловсролтой иргэд хохирсон байна. Мөн хувийн хэвшилд ажилладаг иргэд хамгийн их хохирсон байдалтай байна.
Хохирогчдын ямар үйлдлийн аргаар хохирсон бэ гэдгийг бид дүн шинжилгээний аргаар судалж үзсэн. Ингэхэд:
  • Бараа худалдан авч борлуулалт нэмэгдүүлэх, даалгавар биелүүлэх аргаар 286 иргэн
  • Тик ток хаяг дагах, өгөгдсөн постод лайк дарж, хандалт өсгөх даалгавар авах байдлаар 185 иргэн
  • Байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний зар сурталчилгаанд үнэлгээ өгөх даалгавар авах байдлаар 106 иргэн
  • Өгөгдсөн дансанд мөнгө байршуулаад, өсгөж авах зорилгоор 31 иргэн
  • Зээл олгоход материал бүрдүүлэх даалгавар авах байдлаар 9 иргэн
  • Интернэт банкаар нэвтэрч, гүйлгээ хийх даалгавар авч 2 иргэн хохирсон байна.
Хамгийн их хохирол амссан хохирогч нь 195.8 сая төгрөгөөр буюу 39 удаагийн үйлдлээр буюу гэмт этгээдүүдийн зориудаар бэлтгэсэн 8 төрлийн данс руу шилжүүлж хохирсон байгаа.
Гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад олж мэдсэнээр Тайланд, Мьянмар улсын хил хэсэг буюу цэргийн дэглэмтэй оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа KK Park буюу олон улсын үндэстэн дамнасан гэмт бүлэглэлээс явуулж байгааг урьдчилсан байдлаар тогтоосон. Олон улсын гэмт бүлэг манай улсын иргэдийн санхүү болон сэтгэл санаа бүх зүйл рүү халдаж байна.
Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг өгч байна. Үүнд:
  • Гэмт этгээдүүд бүх төрлийн платформоор хуурамч зар мэдээлэл байршуулж байна. Иймд хуурамч мэдээлэл зард иргэд төөрөгдөхгүй байх шаардлагатай байна.
  • Одоо ашиглаж байгаа телеграмм платформоо иргэд устгах шаардлагатай байна. Мөн телеграмм платформ дээрээ зохион байгуулалттай групууд руу орохгүй байх хэрэгтэй.
  • Ямар ч тохиолдолд ашигтай санал тавьсан онлайнаар урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.
  • Хэрэв та телеграмм залилангийн хохирогч болсон бол дахин мөнгө шилжүүлэхгүй байх хэрэгтэй.
  • Хувийн батлан даалтыг үүсгэхгүй байхыг анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn