Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч П.Батчулуунд оноосон ялыг хэвээр нь үлдээлээ

20

ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан, Хүний гавьяат эмч П.Батчулуунд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ.
Эл шүүхэд тэрбээр өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат нарынхаа хамт давж заалдах гомдол гаргасан аж.
Шүүх хурал эхлэхийн өмнө хуралд биечлэн оролцсон өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Э.Ганбат болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо тэргүүтэн шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, М.Алдар, Л.Дарьсүрэн нар хүлээн авч хаалттай хэлэлцсэн юм.
Энэ үеэр П.Батчулуун эмчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой бичиг баримтуудыг өмгөөлөгч нар нь шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгөв.
Хүний гавьяат эмч П.Батчулууныг бусдын эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэрэгт гэм буруутайд тооцон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн билээ.
2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө зам тээврийн осолд орж, ГССҮТ-д хүргүүлсэн, тархины үхэлтэй гэдгийг нь мэргэжлийн эмч нар тодорхойлсон А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсгүүд, цөсний хүүдий, элэг, бөөр зэргийг авахдаа ар гэрийнхэнд нь тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэмээн ял шийтгэсэн.
Өөрөөр хэлбэл, элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа гол судсыг авах талаар хэлж зөвшөөрөл авсан боловч шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг болох хүний доод мөчдийн эд, цөсний хүүдийг авах талаараа ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй гэдэг
Тиймээс П.Батчулууныг Эрүүгийн хуулийн 15.3-2 дахь хэсгийн хууран мэхэлж хүний эд эрхтнийг авсан гэм буруутайд тооцон, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn