Цагаан ордон санамсаргүйгээр дайны төлөвлөгөөгөө сэтгүүлчид харуулжээ

АНУ-ын зэвсэгт хүчин Йемен дэх хуситуудын байрлалд энэ сарын эхээр агаарын цохилт өгсөн. Тэрхүү цохилтыг өгөхөөс өмнө Доналд Трампын захиргааны дээд албан тушаалтнууд санамсаргүйгээр дайны төлөвлөгөөг сэтгүүлчдэд дэлгэсэн байна.
Даваа гарагт /2025.03.24/ “The Atlantic” сэтгүүл ерөнхий редактор Жеффри Голдберг нийтлэхдээ түүнийг гуравдугаар сарын 13-нд “Signal” мессеж бичдэг апп доторх нууцлалтай групп чатанд нэмсэн гэжээ. Тэрхүү бүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолз өөрийн орлогч Алекс Вонгд хуситуудын эсрэг үйл ажиллагааг явуулах баг бүрдүүлэх үүрэг өгсөн аж. “The Atlantic” сэтгүүл ийм нийтлэл гаргасны дараа Цагаан ордон мэдэгдэл хийсэн юм.
Хуситуудын эсрэг цохилт өгөхөөс хэдэн цагийн өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет онилох объектууд, ашиглах зэвсэг, довтолгооны дараалал зэрэг мэдээллийг тус групп чат дээр бичжээ. Голдберг уг явдлыг гайхалтай болгоомжгүй гэсэн байна.
Тэрхүү чатанд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф, Үндэсний тагнуулын албаны дарга Тулси Габбард, Сангийн сайд Скотт Бессент, Цагаан ордны үйл ажиллагааны тэргүүн Сюзи Уайлс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ахлах албан тушаалтнуудын аккаунт байсан аж.
Ж.Д Вансынх бололтой аккаунт тус чатанд хуситуудын эсрэг цохилтыг АНУ үнэхээр явуулах шаардлагатай эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Хуситуудын халдлага үйлдэж буй Улаан тэнгисийн усан замаас Европын худалдааны онгоцнууд илүү хамааралтай билээ. Ж.Д. Ванс “@PeteHegseth хэрэв та үүнийг хийх ёстой гэж бодож байвал хийцгээе. Би дахиад л Европыг аврахыг үзэж ядаж байна” гэсэн юм. Үүнд Хэгсет хариулахдаа “Дэд ерөнхийлөгч өө Европ бидэн дээр тулгуурлаж байгааг би ч үзэн ядаж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters