ОХУ-ын сангийн сайд: Эдийн засаг “хөлдөх” эрсдэл нүүрлээд байна

22


ОХУ-ын Сангийн сайд Максим Решетников даваа гарагт /2025.05.26/ анхааруулахдаа улсынх нь эдийн засаг хөлдөх эрсдэл нүүрлээд байна гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ ОХУ-ын Төв банк ирэх долоо хоногт хуралдаж, бодлогын хүүг хэрхэхээ шийдэхдээ инфляцыг бууруулах талаар авч үзэхийг уриалсан юм.
Инфляцын түвшин хэт өндөр байгаа тул ОХУ-ын Төв банк өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш бодлогын хүүг 21 хувьд барьсан. Ийнхүү бодлогын хүүг өндөрт барьсан нь зэвсэгт хүчинд их хэмжээний мөнгө зарцуулж эдийн засгийг дэмжиж байсан түлхэгч хүч буурч эхлэхтэй зэрэгцэн хөрөнгө оруулалт буурахад хүргэжээ.
ОХУ-ын эрх баригчид бодлогын асуудлаар нэгдмэл байр суурьтай байдаг. Гэвч бодлогын хүү өндөр түвшинд хүрч, төсвийн зарцуулалт нэмэгдсэн явдал нь сүүлийн хэдэн жил албаныхан олон нийтийн өмнө санал зөрөлдөхөд хүрээд байна. Заримдаа Кремль ч үүнд нь оролцдог.
2023 оны аравдугаар сард Оросын Төв банк ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг 350 нэгжээр ихэсгэсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Төв банкийг шүүмжилж, мөнгөний зөөлөн бодлого нь рублийн ханш сулрахад хүргэж байна гэснээс нэг хоногийн дараа ийм зүйл болсон юм.
Харин гуравдугаар сард Путин эдийн засгийн удирдлагуудаа ОХУ-ын эдийн засгийг хүйтний эмчилгээний өрөөнд оруулсан юм шиг царцаахгүй байхыг уриалсан. Шинжээчид үүнийг мөнгөний бодлогыг зөөлрүүлэх циклийг эхлүүлэх уриалга байсан гэж дүгнэсэн байна.
Сангийн сайд Решетников даваа гарагт Төрийн Думд үг хэлэхдээ сүүлийн долоо хоногт инфляц жилийн дүнгээр 3-4 хувь хүрсэн гэжээ. Тэр “Тавдугаар сарын тоо баримт энэ чиг хандлагыг бэхжүүлнэ гэж бид найдаж байгаа. Төв банк шийдвэр гаргахдаа үүнийг зохих ёсоор харгалзан үзнэ гэж найдаж байна. Учир нь одоогийн байдлаар эдийн засаг хөлдөх эрсдэл нүүрлэсэн” гэсэн юм.ОХУ-ын сангийн яам 2025 онд инфляц 7.6 хувьтай байна гэж тооцоолжээ.
Оросын Русал, Газпромнефть зэрэг томоохон экспортлогчид төмөр замаар тээвэрлэнэ гэж тооцоолж байсан төмөр, газрын тосны бүтээгдэхүүний хэмжээгээ бууруулсан. Энэ нь эдийн засаг удааширч байгаатай холбогдуулан үүсэж буй нөлөө юм.
Аж үйлдвэрийн салбар дахь олон бизнес эрхлэгчид зээлийн өртөг өндөр байгаа тул хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө багасгажээ. Оросын сангийн яам энэ жил тус улсын эдийн засаг 2.5 хувиар өснө гэж таамаглаж байгаа бол Төв банк 1-2 хувиар өснө гэж тооцоолсон байна.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn