ОХУ-ын онгоцууд дахин хил зөрчив

ОХУ-ын Ил-20м цэргийн нисэх онгоц Ням гаригт Балтын тэнгис дээгүүрх төвийг сахисан агаарын орон зайд нэвтэрчээ. Иймд НАТО-ийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Германы Агаарын цэргийн хүчин хоёр "Eurofighter" онгоц илгээсэн байна. Оросын онгоцууд олон улсын агаарын орон зайд нислэгийн төлөвлөгөөгүй, радио холбоогүйгээр нэвтэрсэн нь энэ юм.
Дашрамд дурдахад, Оросын дрон, онгоцууд ойрмогхон Польш, Эстони, Румыны агаарын орон зайг мөн зөрчсөн билээ.
Өнгөрсөн Баасан гаригт Оросын гурван МиГ-31 сөнөөгч онгоц Эстонийн агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрч, 12 минут саатсан. Энэ асуудлаар НАТО-гийн Умард Атлантын зөвлөл Мягмар гаригт хуралдах аж.
Үүний өмнө есдүгээр сарын 13-нд ОХУ-ын нисгэгчгүй нисэх онгоц Румыны агаарын орон зайг зөрчжээ. Добружагийн хойд хэсэгт агаарын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хоёр "F-16" сөнөөгч онгоц уг нисгэгчгүй онгоцыг саатуулсан байна. Румыны Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр нисгэгчгүй онгоц 50 орчим минутын турш эргэлдсэний эцэст Добружагийн хойд хэсгийг орхин, Украиныг чиглэжээ.
Мөн есдүгээр сарын 10-ны өдөр Оросын нисгэгчгүй нисэх онгоцууд Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн тул тус улс дөрвөн нисэх буудлаа түр хаасан. Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй энэ дайны хугацаанд Польш улс цөөнгүй удаа дайны галд өртсөн юм.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS