Автобусны буудал дээрх машины мэдээллийг E-police аппликэйшнд илгээгээрэй

359


Улаанбаатар хотын авто замын түгжрэл олон шалтгаантай. Тэдгээрийн нэг нь автобусны буудлууд дээр хувийн машинтай хүмүүс зогсох үйлдэл юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тодорхой заасан байдаг ч жолооч нар мөрддөггүйгээс авто замд түгжрэл үүсгэж, зорчигчид бууж, суухад хүндрэл болохоос гадна нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулдаг.
 
Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл: 
сонин mn
 
-Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд нийтийн тээврийн буюу чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолд 06:00-22:00 цагт автомашин зогсохыг хориглосон заалт бий. Гэтэл нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд машинуудаа байрлуулж байгаа нь автобусаар болон явган зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа юм. Ийм зөрчил гарсан тохиолдолд  манай Тээврийн цагдаагийн алба болон нийтийн тээврийн газрынхан арга хэмжээ авдаг. Гэвч тэр бүр хүрэлцэхгүй байна. Тиймээс иргэдийн мэдээлэл энэ төрлийн зөрчлийг арилгахад чухал үүрэгтэй. Хэрэвзээ  автобусны буудал дээр удаан хугацаагаар зогсох, автобусаар үйлчлүүлэхэд тань саад учруулсан тохиолдолд E-police аппликэйшнийг ашиглан мэдээлж болно. Иргэдийн мэдээллийн дагуу бид арга хэмжээ авах болно  гэлээ. 
 
Харин “Citybus” компанийн ажилтан Б.Мягмарсүрэн “Улаанбаатар хотод авто замын нэгдүгээр эгнээгээр жижиг тэрэг зорчихыг хориглосон байдаг. Гэтэл тэрхүү заалт огт биелдэггүй, бүр автобусны буудал дээр хувийн машинтай иргэд зогсох болсон. Зарим нь ТҮЦ орох зуураа зогсдог бол зарим нь 20-30 минут зорчигч хүлээгээд зогсчихдог. Үүнээс болоод явган зорчигчдын эрх ноцтой зөрчигддөг. Автобуснууд хувийн тээврийн хэрэгсэлд шахагдаад буудлаасаа хол зогсох, зарим нь бүр зогсохгүй байх нь бий. Үүнээс болж ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд хүлээж байсан автобусандаа сууж чадахгүй үлддэг” гэдгийг онцолсон юм.
 
сонин mn
 
Олон нийтийн эрхийг зөрчсөн үйлдлүүдийн талаар холбогдох албаныханд мэдээлэх үүрэг иргэн бүрд бий. Бусдын мууг үзэх гэсэндээ бус, иргэдийн эрхийг хамгаалахын төлөөх энэ үйлсэд нийтийн тээврийн байцаагч нар идэвхтэй оролцдог байна. Энэ он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 12578 энэ төрлийн зөрчил илрүүлжээ. Үүний 2479 зөрчлийг нийтийн тээврийн байцаагч нар илрүүлж, мэдээлсэн байдаг. Эндээс харвал өдий  хэмжээний зөрчил автобусны буудал дээр гардаг аж.
 
Хүйтэн сэрүүний улиралд нийслэлчүүд автобусаар зорчих нь нэмэгддэг. Гэтэл автобуснууд буудал дээрээ бус, авто замын нэгдүгээр эгнээний хөдөлгөөн дунд зогсох, яарч хөдлөх зэргээс аваар осол гарах магадлал өндөр юм. Энэ бүхнийг бодолцон иргэн та ч буруутай үйлдлийг илрүүлж, өөрийнхөө болон бусдын эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулаарай. Ингэхийн тулд буудал дээр зогсож, автобусны хөдөлгөөнд саад учруулсан, иргэдийг хохироосон машины тухай мэдээллийг баримтжуулан, E-police аппликэйшнд илгээгээрэй.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn