ҮЙЛДВЭРЛЭГЧ: Өнгөлөг, чанартай арьсан цүнх, хэтэвчийг гараар үйлдвэрлэдэг “Марал” брэнд

356

Гадаадын үнэтэй брэндүүдтэй өрсөлдөхүйц, өнгөлөг, чанартай арьсан цүнх, хэтэвч, тэлээг эх орондоо 
үйлдвэрлэж, ЖДҮ хөгжүүлж яваа “Марал” брэндийг бид “Үйлдвэрлэгч” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна. Тэд үхэр, хонь, адуу, сарлагийн арьсаар импортын бүтээгдэхүүнийг орлохуйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд эзлэх байр сууриа бататгахаар хөдөлмөрлөж байна. Харин үүний дараа онилох тэдний цэг дэлхий гэнэ.
Брэндийн нэр: “Марал” брэнд
Үйлдвэрлэлийн чиглэл: Арьсан эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн
Үүсгэн байгуулагч, удирдлага: Үүсгэн байгуулагч Л.Самбуудулам
Үүсгэн байгуулсан он: 2015 онд өрхийн үйлдвэрлэл хэлбэрээр эхэлж, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй
Сошиал холбоос: http://www.maral.mn/,

-БНСУ-Д СУРСАН МЭДЛЭГ, ТУРШЛАГААРАА ЭХ ОРНЫХОО АРЬСАН ЭДЛЭЛИЙН САЛБАРТ ИННОВАЦИ ХИЙХЭЭР ШИЙДСЭН НЬ-
БНСУ-д суралцаж байх хугацаандаа олсон мэдлэг, ур чадвараараа үйлдвэр байгуулж, түүнийгээ эх орондоо хөгжүүлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн хосуудад бэрхшээл их байсан. Гэвч тэд хэцүү бэрх бүхэнд зүрхшээж, шантралгүй тэмцсээр өөрсдийн зорьсон бизнесээ хөгжүүлсээр өдгөө үр шимийг нь хүртэж явна.
Брэндээ үүсгэн байгуулсан, том охиноо өлгийдөн авсан цаг хугацааны давхцлыг  бэлгэшээн брэндийнхээ нэрийг “Марал” болгожээ.

БЛИЦ ЯРИЛЦЛАГА: “МАРАЛ БРЭНДИЙН АЛСЫН ХАРАА
Марал” брэндийн үүсгэн байгуулагчдын нэг Л.Самбуудуламтай үйлдвэрлэлийн процесстой нь танилцангаа товч ярилцлаа.
-Таны ЖДҮ эрхэлж буйн гол зорилго юу вэ?
-БНСУ-д суралцаж байх хугацаандаа чөлөөт цагаараа “LG Fashion” компанийн үйлдвэрт туслан гүйцэтгэгчээр ажилладаг байсан. Ажиллах хугацаандаа тус улсын арьсан эдлэл тэр дундаа цүнх, хэтэвч хийх арга барил, технологийг сураад тэндээ цөөн хүний бүрэлдэхүүнтэй жижиг үйлдвэрлэлийг гурван жилийн турш эрхэлсэн. Ингээд сургуулиа ч төгсөж, тодорхой хэмжээний туршлагатай болсон учир эх орондоо буцаж, арьсан эдлэлийн салбарт инновац хийх зорилгоор өөрсдийн брэндийг үүсгэн байгуулсан. Монголд арьсан эдлэлийн түүхий эд их учир тоног төхөөрөмжөө л аваад очиход асуудал, бэрхшээл учрах нь бага гэж бодсон.
Гэвч яг эх орондоо ирээд, арьс түүхий эдээ үзэхэд боловсруулалт хангалтгүй, түүгээр өөрсдийн төсөөлсөн арьсан хэтэвч, цүнх хийж болохооргүй байсан л даа. Тиймээс БНСУ-аас эхний жил арьсаа авч, харин сүүлийн гурван жил дотоодын арьсаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
-“Марал” брэндийн бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Бид анхнаасаа импортыг орлохуйц чанартай, брэнд бүтээгдэхүүнийг хийхээр том зорилго тавиад эхлүүлсэн. Тиймээс деталь бүрд анхаарч маш чанартай, дээр нь загварлаг өнгөлөг бүтээгдэхүүн хийхийг зорьсон. Монгол арьсан бүтээгдэхүүн гэхээр л бор, хар өнгийн байдаг л нэгэн хэвийн принттэй, болхи оёдолтой байж болохгүй шүү дээ.
Миний хувьд БНСУ-ын алдартай арьсан хэтэвчний үйлдвэрт ажиллаж, бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглээд үнэ цэн, чанарыг нь мэдэрсэн учир яг л тийм хэтэвчийг дотооддоо үйлдвэрлэхийг хичээсэн. Бүхий л алдартай арьсан хэтэвч, цүнхний эсгүүрээс бусад ажиллагааг гараар хийдэг. Бид ч гэсэн тэр ч зарчмаар ажиллаж байна. Ажилчид маань хурууныхаа өндгийг цэврүүттэл цавуу түрхэж, деталь бүрийг гараараа оёдог. Тэнд л бидний үнэ цэн, чанар оршдог гэж боддог. Мөн Япон улсаас захиалгаар хэтэвч, цүнхний деталиудаа авдаг. Цахилгаан болон деталиуд нэр, логотой, мөн олон улсын стандартад нийцсэнээрээ онцлог.
-Бүтээгдэхүүнийхээ чанарыг ямар шалгуураар үнэлдэг вэ?
Бид эхний жилүүдэд гаднаас арьсаа авч хийж байсан бол, сүүлийн гурван жилийн хугацаанд дотоодын арьсаар бүтээгдэхүүн хийж туршиж байна. Ингэхдээ үхэр, хонь, адуу, сарлагийн арьсаар хийж байгаа. Арьсаа сонгохдоо аль болох байгальд эко байдлыг нь бодолцож, ургамлын болон цагаан идээний идээлгээр боловсруулсанг сонгож байна.
Энэ нь өөрөө бүтээгдэхүүн хаягдсан ч хөрс, экологид учруулах хор хөнөөл нь бага байдаг. Мөн онцлогийг шингээсэн үрчлээс, толботой арьсыг сонгож, өөрийн өнгөөр нь гаргаж байгаа. Мэдээж брэнд бүтээгдэхүүн учир сав, баглаа боодол, заавар, сертификат, баталгаат хуудас зэргийг багтаасан. Хэрэглэгч авсан бүтээгдэхүүнийг эхлээд нэрийн логотой цаасан торноос гаргаж, дахин даавуун торыг нээнэ. Дотор нь бүтээгдэхүүн баталгааны хуудас, сертификаттай байх болно. Мөн бүтээгдэхүүнээ аль болох олон сонголттой байлгахыг зорьж байгаа.
-“Марал брэнд” өдөрт ямар хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Тогтмол борлуулалт өсөөд л явж байгаа.
-Бүтээгдэхүүнээ хаана борлуулдаг вэ?
-Одоогоор “Шангри-Ла молл”-д дэлгүүртэй. Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгыг өмнөө тавиад зүтгэж байсан учир, гараагаа аль болох том эхлэхийг зорьсон. Дараа нь Улсын их дэлгүүрт салбараа нээсэн ч хаасан. Учир нь арьсан эдлэл талх, хүнсний бүтээгдэхүүн шиг эрэлттэй, их борлуулагдахгүй учир салбараа нэмэх шаардлагагүй гэж үзсэн. Тиймээс “Шангри-Ла” дахь салбараа хадгалж, бүтээгдэхүүнийг цахимаар авч, хүргэлт хийх зарчмаар ажиллаж байна.
-Таны ажлын ноу-хау юу вэ?
-Анх байрны подволийн өрөөнд нөхөртэйгөө хоёулахнаа ажилладаг байлаа. Дараа нь эгчтэйгээ хамтарч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрээр хүний нөөцөө нэмэгдүүлсэн. Гэхдээ миний хувьд ажиллах зарчим нь л зөв бол хүний олон байх шаардлагагүй гэж үзсэн. Одоогоор 12 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Бүгд одоо дор бүрнээ өөр өөрсдийн ажлаа хийж, өдрийг завгүй өнгөрүүлдэг. Дарга, цэрэг гэлтгүй бүгд үйл ажиллагаандаа жигд, оролцоотой байдаг учир асуудал үүсдэггүй. Бидний хувьд анхнаасаа бүтээгдэхүүний чанарт анхаарч, ач холбогдол өгсөн учир ажиллах орчин, үйлдвэрийн байртаа нэг их анхаараагүй.
-Ажилчдадаа ажил олгогчийн хувьд нийгмийн халамж талаас нь хэрхэн анхаардаг вэ?
-Ажилчид бүгд нийгмийн даатгалд хамрагддаг. Мөн урамшуулалт цалин олгох, ур чадварын сургалтад хамруулах зэргээр анхаарч ажилладаг.
-Үйлдвэрлэлээ тэлж, гадаадын зах зээлд өрсөлдөх хэтийн боломжоо хэрхэн харж байна вэ?
-Бид олон улсад өрсөлдөхүйц чанартай, дээр нь загварлаг, үнэ цэнэтэй брэнд бүтээхийг эрмэлзэж, зорилгоо том тавьсан. Тиймээс ч бүтээгдэхүүний чанарыг улам бүр сайжруулах цаашлаад гадаадын улс орнуудад экспортоор гаргаж нийлүүлэх зэргээр дэлхийн жишигт нийцүүлэхээр зорьж байгаа.
Л.Самбуудулам өөрийгөө хөгжүүлэх, шинэ арга барилд суралцаж, мэдлэгээ тэлэх зорилгоор цөөнгүй тооны манлайллын сургалтуудад хамрагдаж байжээ. Тэдгээр нь түүнийг илүү алсын хараатай, бас туршлагатайгаар компани удирдаж сурахад нь түлхэц болсон байна.
Тэдгээрээс ХААН банкнаас зохион байгуулсан “Хөгжлийн хөтөлбөр” болон “Дэлхийн түвшний менежер” сургалтуудыг тэр онцолж байв. Тэрбээр “Би ХААН банктай олон жил харилцаа, холбоотой ажиллаж байгаа. Бизнесээ өргөжүүлэх, ямарваа бэрхшээл тулгарахад сургалтынхаа зөвлөх үйлчилгээг их авдаг. Тиймээс аль болох бүхий л сургалтуудад хамрагдахыг хичээдэг.
Хамгийн чухал нь хань бид хоёр өмнө нь ганцаараа бүхнийг хийхээр ажилдаа хэт улайран зүтгэдэг байсан юм билээ. Дээрх сургалтуудад сууснаар “Ажлыг чаддаг хүнээр нь хийлгэх нь бүтээмж илүү өндөр байдаг”-ийг ойлгож авсан. ХААН банкны сургалтууд цаасан дээрх мэдээллийг өгөхөөс гадна практикт хэрэгжүүлэх тал дээр том тус, дэм болдог учир нүдийг минь нээж, юмсыг өөрөөр харахад тусалсан” гэв.
Тэрбээр БНСУ-д багагүй хугацаанд суралцангаа ажиллаж амьдарсан учир эх орондоо ирээд бизнес хийхэд олон бэрхшээл тулгарчээ. Үүнээс хамгийн хэцүү нь бид ямар ч банкны зээлийн шалгуурт тэнцэхгүй байснаа дурдав. Харин ХААН банканд хандаж, эхлүүлсэн бизнесийнхээ төлөвлөгөөг танилцуулахад нааштай хүлээн авч, зээл олгосноор үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдсэнийг онцолсон юм. ХААН банкны зээлийн нөхцөл уян хатан, илүү таатай учир хамтарч ажиллахад хүндрэлгүй, сайхан байдгийг онцолсон юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn