Хүнээ тоолж чаддаггүй ҮСХ

177

Үндэсний статистикийн хорооноос 2023 оны нэгдүгээр сарын 16-нд мэдээлэл хийж, 2022 оны нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулсан юм. Хамгийн түрүүнд өнгөрсөн 2022 онд Монгол Улсын хүн ам хэдээр нэмэгдэж, бид хэдүүлээ болсон бэ гэдгийг сонирхлоо. Харин хариултаа олж чадсангүй.

Төрөлт, нас баралтаа тооцож чадсан атлаа ...

“Хүн ам” хэмээх үзүүлэлтэд
“Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар 65090 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 6076 (8.5 хувь)-аар, төрсөн хүүхэд 5992 (8.1 хувь)-оор тус тус буурчээ.
1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 2.1 нэгж хувиар буурсан байна. 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Орхон, Говьсүмбэр аймгуудад улсын дунджаас 0.1-4.5 нэгж хувиар дээгүүр, бусад аймагт 0.1-11.1 нэгж хувиар доогуур байна. Тухайлбал, 2022 онд Төв аймагт 1000 хүнд ногдох төрөлт 8.5 буюу хамгийн бага байна.
2022 оны жилийн эцсийн байдлаар нас баралт 18095 болж, өмнөх оноос 1932 (9.6 төрөлт багасаж, нас баралт буурчээ)-оор бууржээ. 1000 хүнд ногдох төрөлт 19.6, нас баралт 5.2, ердийн цэвэр өсөлт 14.4 байна.
1000 хүнд ногдох нас баралт өмнөх оноос 0.7 нэгж хувиар буурсан. 1000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Булган, Хөвсгөл, Дорноговь, Төв аймгуудад улсын дунджаас 0.2-0.3 нэгж хувиар дээгүүр бусад аймагт 0.1-0.9 нэгжээр доогуур байна.
1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Ховд, Орхон, Говьсүмбэр аймгуудад улсын дунджаас 0.6-5.3 нэгж хувиар дээгүүр, харин бусад аймагт 0.4- 11.4 нэгжээр доогуур байна” гэснээс өөр мэдээлэл байсангүй.
Энэхүү мэдээллээс харахад төрөлт багасаж, нас баралт буурчээ. Төрөлт, нас баралтаа тооцож чадсан юм бол 2022 онд Монголын хүн ам хэд болж өссөнийг мэдээлэх тийм хэцүү ажил юм уу гэж Монгол Улсын статистикийн төв байгууллага Үндэсний статистикийн хорооноос тодруулмаар байна.
Уг нь өмнөх жилүүдэд хүн ам хэрхэн өссөнийг дараа оныхоо нэгдүгээр сарын 20-нд багтаад мэдээлчихдэг байлаа. Гэтэл 2023 оны эхний сар дуусаж байхад “2021.12.31 хүн ам 3409939” хэмээх мэдээлэл Үндэсний статистикийн хорооны сайт руу ороход угтаж байна.

Малаа бол тоолж чадаж байна

“Мал аж ахуй 2022 онд” үзүүлэлтэд
“Малын тоо 71.1 сая болж, өмнөх оноос 5.6 хувиар өслөө. Улсын хэмжээгээр 2022 оны эцэст, мал тооллогын дүнгээр 71.1 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 3.8 сая (5.6 хувь)-аар өслөө. Үүнээс адуу 4.8 сая, үхэр 5.5 сая, тэмээ 470.5 мянга, хонь 32.7 сая, ямаа 27.6 сая байна. Өмнөх онтой харьцуулахад хонь 1.7 сая (5.3 хувь), үхэр 0.5 сая (9.8 хувь), адуу 0.5 сая (11.5 хувь), ямаа 1.1 сая (4.2 хувь), тэмээ 16.4 мянга (3.6 хувь)-аар тус тус өссөн байна.
Нийт мал сүрэгт 2022 оны тооллогын дүнгээр хонь 46.0 хувь, ямаа 38.8 хувь, үхэр 7.8 хувь, адуу 6.8 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна. Нийт сүрэгт 2022 онд 5 төрлийн малын эзлэх хувийг мал хувийн өмчид шилжиж эхэлсэн 1990 онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 18.9 нэгж хувиар өсөж, харин хониных 12.3 нэгж хувиар, үхрийнх 3.3 нэгж хувиар, адууных 2.0 нэгж хувиар, тэмээнийх 1.4 нэгж хувиар тус тус буурсан байна.
Манай улсын хонь, ямааны харьцаа 1990 он хүртэл 75:25 буюу гурван хонинд нэг ямаа ногдож, зохистой харьцааг хадгалж байсан. Гэвч сүүлийн жилүүдэд сүргийн бүтцэд болон малын бэлчээр ашиглалтад зохистой энэ уламжлалт харьцаа алдагдсаар 30 орчим жил болж байна.
Тухайлбал, ямааны тоо толгойн мэдэгдэхүйц өсөлт 1993 оноос эхэлж, ноолуур үнэд орсонтой холбогдон 1994-2003 онд хонины тоотой ижил түвшинд болж, 2003-2009 оны ямааны тоо хонины тооноос давж, 2009-2015 онд хонины тоо толгойтой дүйцэж, 50:50 харьцаатай болсон байна. Бог малд хонь ямааны эзлэх хувь 2022 онд 54:46 харьцаатай байна.
Улсын хэмжээнд Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна. Мал тооллогын дүнгээр Хөвсгөл аймаг 6254.1 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Архангай аймаг 5886.1 мянган толгой, Төв аймаг 5107.7 мянган толгой, Хэнтий аймаг 5076.6 мянган толгой, Сүхбаатар аймаг 4645.3 мянган толгой мал тоолуулж удаалж байна.
Адуун сүргийн тоогоор Архангай аймаг 468.0 мянган толгой, Дорнод аймаг 420.2 мянган толгой, Сүхбаатар аймаг 402.5 мянган толгой, Төв аймаг 398.8 мянган толгой, Хэнтий аймаг 376.6 мянган толгой; үхэр сүргийн тоогоор Архангай аймаг 814.5 мянган толгой, Хөвсгөл аймаг 627.5 мянган толгой, Хэнтий аймаг 434.8 мянган толгой, Дорнод аймаг 401.9 мянган толгой, Төв аймаг 348.8 мянган толгой; тэмээн сүргийн тоогоор Өмнөговь аймаг 164.8 мянган толгой, Дорноговь аймаг 52.6 мянган толгой, Баянхонгор аймаг 45.5 мянган толгой, Говь-Алтай аймаг 45.4 мянган толгой, Дундговь аймаг 41.1 мянган толгой; хонин сүргийн тоогоор Архангай аймаг 3075.0 мянган толгой, Хөвсгөл аймаг 3034.3 мянган толгой, Төв аймаг 2727.4 мянган толгой, Хэнтий аймаг 2610.8 мянган толгой, Сүхбаатар аймаг 2410.3 мянган толгой; ямаан сүргийн тоогоор Хөвсгөл аймаг 2241.3 мянган толгой, Баянхонгор аймаг 2182.7 мянган толгой, ГовьАлтай аймаг 1987.3 мянган толгой, Ховд аймаг 1845.9 мянган толгой, Өвөрхангай аймаг 1707.8 мянган толгойгоор тэргүүлж байна.
Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 646.0 мянган толгой, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 565.8 мянган толгой, Хэнтий аймгийн Хэрлэн сум 554.9 мянган толгой , Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 533.7 мянган толгой, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум 527.3 мянган толгой мал тоолуулж тэргүүлжээ.
Улсын хэмжээнд 2022 онд оны эхний төллөх насны 30.8 сая хээлтэгч малын 26.5 сая (86.0%) нь төллөжээ. Гүүний 82.7 хувь, үнээний 83.8 хувь, ингэний 53.4 хувь, эм хонины 87.9 хувь, эм ямааны 85.0 хувь нь төллөсөн байна” хэмээжээ.
“Хүн ам” ба “Мал аж ахуй” үзүүлэлтийг харьцуулаад харахаар танд ч гэсэн бид малаа бол үнэхээр сайн тоолж чадаж байгаа биз. Хүн ам хэд болсон нь тодорхойгүй ч 2022 онд малын тоо 71.1 сая болж, өмнөх оноос 5.6 хувиар өсчээ. Хэд болсон, хэдэн хувиар өссөн нь тодорхой. Бүр таван төрөл дээр хэрхэн өссөнийг ч харуулсан байх юм.  
Ингээд ч зогсохгүй, мал хувийн өмчид шилжиж эхэлсэн 1990 онтой харьцуулаад өсөлт, бууралтыг хувиар харуулжээ. Аль аймаг ямар мал сүргээрээ тэргүүлж буй нь ч тодорхой байна.
Хүн уг нь малынхаа тооноос илүү гэр бүлийнхээ гишүүдийнхээ тоог л мэддэг баймаар. Гэтэл мал аж ахуйн үзүүлэлт нь тов тодорхой байх юм. Малаа бол тоолж чадаад байгаа ҮСХ Монгол Улсын иргэн хэд болсныг хэзээ мэдээлэх вэ.
Гэв гэнэт хэд хэдэн хүүхэд, шинэ эхнэр, нөхөртэй болгосон, хаяган дээр нь шинэхэн ах дүү мэндлүүлсэн Улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж өдийг хүртэл мэдээлэхгүй байгаа юм бол үүндээ тайлбар хийнэ үү.
Хүн амын тоог л сонирхсон мэт боловч энэ тооны цаана дундаж насжилт, нас хүйсийн суварга, төр засгийн бодлого шийдвэрийн үр дүн харагдаж байдаг билээ.

http://eagle.mn/r/110579
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn